Монголын түүх, хэл, соёл, зан заншил, эх оронч сэтгэлгээ, үндэсний өв уламжлалын их, дээд сургуулийн агуулгыг сургалтын хөтөлбөрөөс хассан талаарх мэдээлэл цахим орчинд тархаад байгаа билээ.

Энэ асуудлаар БШУЯ тайлбар мэдээлэл хийжээ. Тус мэдээлэлд "Монгол Улсын их, дээд сургуульд элссэн оюутнууд нэгдүгээр дамжаандаа Иргэний боловсрол, хүмүүнлэг, нийгмийн ухааны зарим хичээлийг олон кредитээр давтан үздэг. Сурагчдын ерөнхий боловсролын сургуульдаа тасралтгүй үздэг иргэний боловсрол, хүмүүнлэг, нийгмийн ухааны зарим хичээлийг 12 дугаар ангид нь кредитийн системд шилжүүлэх ажлыг Боловсролын хүрээлэнгийн оролцоотой эрдэмтэн судлаачдыг хамруулсан судалгааны үндсэн дээр шийдвэрлэхээр ажиллаж байна. Ингэснээр ерөнхий боловсролын сургууль, дээд боловсролын сургалтын байгууллагын залгамж, уялдаа холбоо оновчтой болно. Энэ нь Монголын түүх, хэл, соёл, зан заншил, эх оронч сэтгэлгээ, үндэсний өв уламжлалыг сургалтын хөтөлбөрөөс бүрмөсөн хасаж байгаа зүйл огт биш юм.

Монгол Улсын Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.3.4-т “Монголын түүх, хэл, соёл, зан заншил, эх оронч сэтгэлгээ, үндэсний өв уламжлал, шударга ёсны үзэл, хандлага болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн агуулгаар баяжуулсан монгол хүний хүмүүжлийг дээдэлсэн, монгол хүний онцлогт тохирсон зан чанар, хүмүүжил, сургалтын хөтөлбөрийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр цэцэрлэг, сургуульд хэрэгжүүлнэ” гэж батлуулсан. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хэрэгжүүлэх нь Монгол Улсын Засгийн газар, түүний дотор БШУЯ-ны үүрэг бөгөөд Монголын түүх, хэл, соёл, зан заншил, эх оронч сэтгэлгээ, үндэсний өв уламжлалыг өвлүүлэх, сурган хүмүүжүүлэх чиглэлд онцгой анхаарч, дараах тогтоол, шийдвэрийг гаргаж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна" гэжээ.