Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хэлэлцэж байна. Монгол Улсад шүүх, шүүгчтэй холбоотой шинэчлэл сүүлийн жилүүдэд маш ихээр хөндөгдөж байгаа билээ.

Тэр хэрээр өөрчлөлт шинэчлэлт багагүй хийгдсэн байдаг. Хамгийн ихээр хэл ам дагуулсан өөрчлөлт шинэчлэлт бол шүүгчдийн нийгмийн асуудал, цалин хангамж байв. Нэг үеийг бодвол өнөөдөр шүүгчид дунджаар 4 сая орчим төгрөгийн цалинтай болсон.

Харин одоо хөндөгдөж байгаа бас нэг асуудал бол шүүхийн байр. Нэг дор нэг байранд олон шүүх үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь олон талын сөрөг үр дагавартай талаар нэгэн хуульч саяхан харьцуулжээ. Тэр нь БНСУ болон Монгол Улсын шүүхийн байр.

Тэрээр “Монгол улсын Үндсэн хуульд заасан төрийн эрх мэдлийн нэг салаа мөчир" шүүх засаглалыг хэрэгжүүлж байгаа шүүхийн байгууллагын "байр" шүү дээ. Социализмын үед Зөвлөлтийн 39 дүгээр армийн хот халхалтын нэгэн дивизийн штабын зориулалттай 1970-аад оны үед баригдсан энэ 3 давхар байранд гурван дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны бүх шүүхийн хэлэлцүүлэг, зөрчил хянан шийдвэрлэх шүүх хурал за тэгээд ер нь шүүхийн шатанд" гэсэн тодотголтой бүхий үйл ажиллагаа явагдаж олон жил болж байна даа. Шүүхийн аюулгүй байдал гэдэгт: "..шүүхийн барилга, объектын аюулгүй байдал" шүүх болон шүүгч, бусад оролцогчдын аюулгүй байдал \амь нас, эрүүл мэнд, халдашгүй болон мэдээллийн аюулгүй байдал гэх зэрэг олон төрлийн аюулгүй байдал\ бүрэн хангагдсан байх хууль зүйн зохицуулалт ч бий.

Айл үүднээсээ гэдэг үг бий. Ардчиллыг чиг баримжаа болгон хөгжиж байгаа , шүүх шударга ёсны баталгаа мөн гэж Үндсэн хуульдаа заачихсан ардчилсан тодотголтой Монгол улс шүүхээ өдий дайтай л авч явна гэж гадны хөршүүд маань харж л байгаа. Тэднээс цагдаагийн хэлтэс нь 6- 7 давхар байранд ажиллаад шүүх нь орос цэргийн "штабын байранд" байрлаж байгаа учрыг олох гэж нилээд гайхах байх. Маш олон асуудал, бэрхшээл энэ байр объектын байдлаас шалтгаалдаг болохыг мэргэжил нэгт нөхдүүд санал нэгтэй хэлэх байх.

Аргагүй шүү дээ зориулалт нь өөр юм чинь. Шүүх хурал завсарлахад өмгөөлөгч, прокурор, шүүгдэгч хохирогч, ажиглагч нар коридорт цэргийн хэллэгээр бол "нэгийн цуваанд" орж эв найртай жагсаж зогсоно. Байрны багтаамжаас болоод зарим хурал хэн нэгнээс чихэн дээр сэрвэлзэх халуун "амьсгал дунд" нуруу хүйт" даасан байдалд болж өнгөрөх нь олонтоо тохиолдоно.

Учир нь миний ард үйлчлүүлэгчийн эсрэг сонирхолтой шүүгдэгчийн ар гэр, найз нөхдийн "хэн нэгэн" нь сууж байгаа нь тэр.. Хэдэн жилийн өмнө нийгмийг цочоож байсан "Шатвал ч шатъя" гэдэг хэвлэлийн бага хурал байнга санаанд орох нь энүүхэнд.. За энэ бол наад захын жишээ юм даа.. Улс оронд бий болсон нөхцөл байдал цар тахлын үед ажиллах төрийн байгууллага, албаны жагсаалтад шүүх, прокурор, өмгөөллийн байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдана гээд заачихсан учраас шүүх хурал тасралтгүй явагдах нь зүй. Гэхдээ энэ тархаж байгаа өвчин бол жирийн өвчин биш "тахал" юм шүү гэдгийг бид мэдэж байгаа. Гэвч барилга объектын энэ л байдлаас шалтгаалан ялангуяа анхан шатны шүүхүүд "эрсдэлтэй" нөхцөл байдалд ажиллаж байна гэж харж байна. Гадаа хүйтны эрч чангарч тэсгим өвлийн хүйтэнд иргэдийг шүүхийн гадаа хүлээлгээд байх "хүйтэн сэтгэлтэн" байхгүй нь мэдээж оруулж л таарна. Үүдний жижиг өрөөнд 20-30 орчим хүн бөөгнөрч л байна. 1 метр 50 үгүй бололтой. Шүүх болон шүүхийн захиргааг буруутгах аргагүй.. Зохицуулаад зохицуулаад одоогийн орос цэргийн "штабын байр"-ны зориулалт нь бололцоо байлаа ч боломж олгохгүй байгаад л учир байна. Шүүхийн шинэчлэл явагдаж байна гээд л байна. Хуульч тогтоогч, шийдвэр гаргагч, бодлого боловсруулагч нараас хамгийн түрүүнд шинэчлэл хийх ёстой асуудал энэ зурган дээр байгаа ойлголт мөн гэж харж байна. Шүүгч, прокурор, өмгөөлөгч, хохирогч, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч мөн ч гэсэн "эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхтэй Монгол улсын иргэд юм. Нөгөө талаар иргэдэд "шударга шүүхээр шүүлгэх эрхтэй" зэрэгцэн "аюулгүй шүүх"-н байранд очих хэрэгцээ, шаардлага байгааг ч үгүйсгэхгүй болжээ. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэж монголчууд дэмий нэг хэлээгүй юм байна” гэжээ.

Монголын шүүх хэлбэртээ биш агуулгадаа сайжрах ёстой гэдэг хандлага олон нийтийн гаргадаг. Шүүгчид өөрсдөө шударга зарчмаар ажиллаж эхэлсэн цагт шүүх, шүүхийн тогтолцоо эрүүлжинэ гэлцдэг. Гэхдээ яаж ч харсан энэ зураг дээр тодорхой байгаа зүйл бол хөгжлийн асар том ялгаа харагдаж байгааг онцлох учиртай болов уу.

Эх сурвалж: udriintoim.mn Г.НЯМ