Бид тоймлоё, Та унш

2019.03.27 Лхагва                                         -2°C  2,631.17  Идээ ундаа элбэг олдоно

Чухлыг тоймлоё  


Татварын багц хууль шинэчлэгдлээ

Хоёр дахь удаагаа шинэчлэгдэж буй Татварын ерөнхий хуульд хэд хэдэн чухал заалтууд орсон байна. Тухайлбал, анх удаа амины орон сууц барьсан эсвэл худалдан авсан иргэн ₮3 саяын татварын хөнгөлөлт эдэлдэг байсныг ₮6 сая болголоо.

Ипотект хамрагдаад хүү бодуулж аваарай

Ипотекийн 8%-д анх удаа хамрагдсан иргэд 13%-н хүүтэйгээр арилжааны банкнаас зээл авсан бол зөрүү 5%-г татвараас буцааж олгох гэнэ. Мөн УБ-с 500 км-с дээш зайд байгаа аймаг сумдад үйл ажиллагаа явуулдаг ААН, хувь хүний төлсөн татварыг 50%, мянган км-аас дээш бол 90%-р хөнгөлөхөөр болжээ.

Гадны бизнесменүүдийг чангална

Монголд бизнес эрхэлж буй гадаадын иргэн ₮20 саяас дээш татварын өртэй бол хилийн хориг тавих гэнэ. Учир нь гадны иргэд татварын өр үүсгэснийхээ дараа хил даван зугтах явдал их гардаг байна. Жнь: Оюутолгойд бараа нийлүүлдэг байсан Жан Су Жан Ду гэх Хятадын компани ₮72.1 тэрбумын өртэй байсан ч захирал нь хил даван зугтжээ.


Солонгос руу визгүй зорчих асуудлыг судална

Манай улсад айлчилж буй Солонгосын ЕС Ли На Ён-тай У.Хүрэлсүх хэлэлцээр хийлээ. Энэ үеэр тус улсын $300 саяын буцалтгүй тусламжаар 10 аймагт ДЦС барих, $500 саяын хөнгөлөлттэй зээлээр орон сууцны хороолол барих ажлыг эрчимжүүлэхээр тохиролцжээ. Мөн 2020 онд тохиох 2 орны дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд харилцан визгүй зорчих асуудлыг судлахаар боллоо. Солонгосын ЕС-ийн албан айлчлал өнөөдөр дуусна.


Монголын өвөл ботинктой уралдсан эр

Их Британий иргэн Петер Мессерви Гросс гэгч Хөвсгөлд зохиогддог экстрем марафонд оролцохоор ирээд -25C хүйтэнд ботинк, жинсэн өмдтэй 4 хоножээ. Учир нь түүний үүргэвч онгоцонд алга болсон ба Хөвсгөлөөс түүнд таарах 46 размерын гутал олдоогүй байна. Тиймээс нимгэн гуталтайгаа 160 км-г туулж амжилттай барианд орсон бөгөөд тэмцээний зохион байгуулагчид болон бусад тамирчид 00-ын цаас, саван, оймс зэргээр тусалжээ.  


Утаа гаргахгүй вагон

УБТЗ-аас хэрэгжүүлж буй утаагүй вагон төслийн хүрээнд 20 зорчигч тээврийн галт тэрэгний янданд ₮140 саяын Японы Japan Flare төхөөрөмж суурилууллаа. Уг зардлыг НЗДТГ-аас гаргасан ба ингэснээр вагоны хоногт ашиглах нүүрс 40%, угаарын хий 8.8, хүхрийн давхар исэл 4.1, агаарт тархах тоосонцор 12 дахин буурах гэнэ. Энэхүү төхөөрөмж нь гал тэрэгний яндангаас гарах угаар, тоосонцрыг өндөр дулааны аргаар шатаах юм.


Венесуэлийг дахин харанхуй нөмөрлөө

Тус улсын 57% буюу 16 муж энэ сарын 25-аас хойш эрчим хүчгүй болоод байна. Үүнээс үүдэн Каракас хотын метро, дэлгүүр, албан байгууллага, яамдууд хаалгаа барьжээ. Венесуэлийн ЗГ үүнд сөрөг хүчин болон Америкийн талыг буруутгаж байгаа ба төв цахилгаан станцад халдлага үйлдсэн гэсэн байна. Үүнтэй ижил олныг хамарсан цахилгааны доголдол 3/7 гарсан бөгөөд 18 муж тоггүй болсон юм.

Таны сонорт


Энэ сарын 28, 29-нд төвийн аймгийн зүүн хэсэг, зүүн аймгийн зарим газраар бага зэргийн цас орно.  

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр