Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар хэдэн сар ажилласан “шарк” Ганибалын Амартүвшин өнгөрсөн 2019 оны сүүлчээр ажлаа өгсөн. Түүнийг УИХ-д нэр дэвших гэж байгаа гэсэн мэдээлэл бий.

Гэхдээ Г.Амартүвшин энэ ажлыг хийж “махаа идсэн” бололтой.

Учир нь зээлийн багц тааруухан, том зээлдэгчид нь эргэн төлөлт огт хийхгүй явж ирснийг таслан зогсоох гэж нэлээд үзсэн байна.

Өдгөө Хөгжлийн банкны ашигт ажиллагаа, зээлийн чанарт муугаар нөлөөлж, эргэн төлөлт нь саатсан 20 гаруй зээл байгаа аж.

Тэрбээр 2019 оны долдугаар сард Зээлийн хяналт тусгай активын нэгж байгуулж, 704 тэрбум төгрөгийн зөрчилтэй зээлдэгч дээр ажиллаж, 4.8 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлүүлжээ. Харин 2012-2016 онд зээл авсан ч эргэн төлөлт огт хийгдэхгүй байгаа зээлүүдийг ангилж, заримыг нь шүүхэд, заримынх нь асуудлаар прокурорын газарт хандсан байдаг.

Зээлийн эргэн төлөлтөө хийлгүй, нийт 34.3 тэрбум төгрөгийн асуудал тарьсан хэд хэдэн компанийг шүүхэд өгчээ.

Тэдний нэг нь Үндэсний хөрөнгө оруулалтын банк байна. Тиймээс Монгол Улсын Хөгжлийн банк Үндэсний хөрөнгө оруулалтын банктай Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүх дээр үзэлцэж байгаа аж.

Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал Ч.Энхбат 2019 оны аравдугаар сарын 23-нд Зардал гаргах тухай А-290 тоот тушаал гаргасан байна. Үүгээр Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас зээлийн гэрээний үүргийн дагуу зээл, хүүгийн төлбөрт 2 689 060 690 /Хоёр тэрбум зургаан зуун наян есөн сая жаран мянга зургаан зуун ер/ төгрөг гаргуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ханджээ.

Ингэхдээ улсын тэмдэгтийн хураамж гэж 13 609 253 45 /Арван гурван сая зургаан зуун есөн мянган хоёр зуун тавин гурван төгрөг дөчин таван мөнгө/-ийг төсвөөс гаргаж Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн холбогдох дансанд шилжүүлсэн байна.

Гэвч тус шүүхээс 2019 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр “Аль үндэслэлээр гэрээг цуцалж байгаагаа”, “Зээл, түүний хүүг тооцсон тооцооллоо нэхэмжлэлдээ тусгаагүй” гэсэн үндэслэлээр хүлээж авахаас татгалзсан шийдвэрийг гаргасан байна.

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин дахиад 2019 оны арваннэгдүгээр сарын 22-нд Зардал гаргах тухай А-341 тоот тушаал гаргажээ.

Юуны зардал байв гэхээр  дээрх үндэслэлийг дурдаад 2019 оны аравдугаар сарын 28-нд Тэмдэгтийн хураамжид төлсөн 13 609 253 45 /Арван гурван сая зургаан зуун есөн мянган хоёр зуун тавин гурван төгрөг дөчин таван мөнгө/-ийг Шүүгчийн захирамжийн дагуу буцаан Хөгжлийн банкны дансанд шилжихийг хүлээлгүйгээр, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргаж байгаатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийн зардал 13 609 253 45 /Арван гурван сая зургаан зуун есөн мянган хоёр зуун тавин гурван төгрөг дөчин таван мөнгө/-ийг төсвөөс гаргаж, татварын байгууллагын холбогдох дансанд шилжүүлэхийг Тайлан бүртгэлийн хэлтэс /С.Туяачимэг/-т даалгасан байна.

УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд, Нийслэлийн МАН-ын дарга, Монгол Улсын аварга Д.Сумьяабазар Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 4796393 ширхэг хувьцаа буюу 10.36 хувийг эзэмшдэг юм.

Энэ нэр хүндтэй олон албыг хашиж, тээж яваа эрхэм хувийн банкныхаа авсан зээлийг төлөлгүй Монгол Улсын Хөгжлийн банктай шүүхдэлцүүлээд яваад байхаар бусдыг нь юу гэж үзэх вэ гэсэн асуулт тавигдана. Ёс суртахуун гэдэг зүйл хаачив гэж эрхэм гишүүнээс, сайдаас, намын даргаас, аваргаас асууя.