Олон улсын “Ройтерс” агентлагийн мэдээлснээр өнөөдөр зарлахаар төлөвлөж байгаа нэг баримт бичигт Монгол улсыг “Европын Холбооны санхүүгийн системд аюул учруулах эрсдэлтэй” орнуудын хар жагсаалтад нэмэхээр болсон талаарх мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд байна.

Тодруулж хэлбэл, Европын Комисс хууль бус мөнгө угаах эрсдэлтэй улс орнуудад тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэх, санхүүгийн гэмт хэргийг хянах, банкуудад илүү хатуу хяналт тавих шинэ байгууллагыг байгуулахаар төлөвлөж буй тухай “Ройтерс” агентлаг мэдээлжээ. Пүрэв гаригт /2020.05.07/ хэвлэгдэхээр хүлээгдэж буй баримт бичигт Панам болон өөр хэд хэдэн орнуудыг Европын Холбооны санхүүгийн системд аюул учруулах эрсдэлтэй орнууд хэмээн жагсаажээ. Үүнд Монгол улс багтсан ба Багамын арлууд, Мавритани, Барбадос, Ботсвана, Камбож, Гана, Ямайк, Мьянмар, Никарагуа, Зимбабве зэрэг улсуудыг жагсаасан байна.

Олон нийтийн анхаарлын төвд байгаа энэ асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон зарим эдийн засагч нар ийм байр суурьтай байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Европын холбооноос мэдээллийг нягталж байна гэсэн

-Энэ талаар бидэнд мэдээлэл байгаа. Тийм асуудал яригдаж байгаа ч Европын холбооны зүгээс Монгол Улсад албан ёсоор мэдээллийг нягталж байна гэсэн хариу өгсөн. Монгол Улс саарал жагсаалтад орсон явж байгаа.

Эдийн засагч Д.Ангар: Монгол Улсын банк санхүүгийн тогтолцоо нь  хамгийн муу гэсэн ангилалд  орсныг илтгэж байна

-Хар жагсаалт гэдэг тухайн улсын нийгэм, улс төр, боловсрол, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн тогтолцоотой огт хамаагүй. Энэ бол зөвхөн тухайн улсын банк, санхүүгийн системийн үнэлгээ. Тэгэхээр Монгол Улс банк санхүүгийн тогтолцоо нь  хамгийн муу гэсэн ангилалд  орсныг илтгэж байгаа юм. Банкны зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох хуулийн төсөл УИХ-д өргөн баригдаад гурван жил болж байна. Хуулийн төсөл сүүлдээ сураггүй болсон. Харин банкуудад 700 тэрбум төгрөг гаргаж өгөх тогтоолыг УИХ яаралтай горимоор нэг өдөрт баталж байсан.

Эдийн засагч Х.Батсуурь: Банкуудаа журамлах ёстой.

-Монгол Улс саарал жагсаалтаас хар жагсаалт руу орохоор болоод байна. Хоёр жилийн өмнөөс банкаа цэгцлээд асуудлыг шийдчих байсан боловч тэгээгүй. Банкуудаа журамлах ёстой. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар ард түмнийг мунхруулдаг шигээ Европын холбооныхныг мунхруулахгүй, хуурч амжихгүй.

Эх сурвалж: udriintoim.mn Г.НЯМ