Гадаад харилцааны яам 2017 оны 4 дүгээр сарын 18-нд хэвлэл мэдээллийнхэнд зориулж гадаад харилцааны салбарт хийж буй голлох ажлын талаар болон бусад цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хилийн чанад дахь ДТГ-ууд болон Монголчуудын холбоо, ТББ-уудтай цахим уулзалт хийсэн тухай ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал Х.Мандахцэцэг мэдээлэв. Дээрх уулзалтад Монгол Улсаас хилийн чанадад суугаа 45 ДТГ, 28 оронд үйл ажиллагаа явуулж буй Монголчуудын холбоо, ТББ-ууд оролцсон талаар дурдаж, гурав дахь удаагийн энэхүү цахим уулзалт амжилттай болж өндөрлөснийг онцлов.

Түүнчлэн Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнгийн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад хийсэн ажлын айлчлалын үеэр Лондон дахь Элчин сайдын яам, Британи дахь Монголчуудын холбоо, “Цахим Өртөө Холбоо” ТББ хамтран зохион байгуулсан “Монгол орны хөгжилд” сэдэвт хилийн чанад дахь монгол иргэдийн 13 дахь удаагийн чуулга уулзалт (14 оронд ажиллаж, суралцаж байгаа нийт 80 гаруй иргэд оролцсон), “Тал нутгийн салхи” сэдэвт соёлын арга хэмжээ болсон талаар танилцуулав.

ГХЯ-ны Консулын газрын захирал Я.Ариунболд Консулын үйлчилгээг цахимжуулж, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилтын дагуу хийж буй ажлынхаа тухай дэлгэрэнгүй ярив.

Тэрээр хилийн чанадад оршин сууж буй монгол иргэд үндэсний энгийн гадаад паспорт захиалах, тэдгээрт паспорт олгох үйл ажиллагааг хялбаршуулах журмыг Гадаад харилцааны яам, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран баталж, хэрэгжүүлж эхэлсэн талаар дурдаж, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сунг-тай уулзаж, хоёр улсын хооронд харилцан визгүй зорчдог байсан иргэдэд олон удаагийн виз хөнгөлөлттэй нөхцлөөр олгох талаар тохиролцоонд хүрсэн тухай мэдээлэв.

“Мэдээллийн цаг”-ийн төгсгөлд гадаадад оршин суугаа иргэдийн талаар сэтгүүлчдийн сонирхсон зарим асуултад хариулав.

Эх сурвалж: http://www.mfa.gov.mn