Монголын хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч М.Өлзийцэцэг гэр бүл цуцлалт, хүүхдийн тэтгэмж, зээлийн гэрээ, өндөр настны тэтгэвэр тогтоолгох асуудлаар иргэдэд хэрэгтэй зөвлөмж мэдээллийг хүргэж байна.

- Гэр бүл цуцлах тухай маргааныг хэрхэн шийдвэрлэдэг вэ, хаана хандах ёстой вэ?

-Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлтийг шүүхийн болон захиргааны журмаар цуцална. Захиргааны журмаар гэрлэлт цуцлуулахад гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, 18 хүртэлх насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй гэрлэгчид энэ тухай тус тусдаа бичиж, гарын үсэг зурсан хүсэлтээ улсын бүртгэлийн байгууллагад гаргана. Улсын бүртгэлийн байгууллага хүсэлтийг хянан үзэж 30 хоногийн дотор гэрлэлтийг цуцална. Шүүхийн журмаар гэрлэлт цуцлуухад эхлээд гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн тал нь хариуцагч талынхаа / нөхрийнхөө эсвэл эхнэрийнхээ/ оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуулчлад хандана. Эвлэрүүлэн зуучлагч талуудыг эвлэрүүлэх талаар бүх арга хэмжээ авах бөгөөд талууд гэрлэлт цуцлуулах талаар эвлэрээгүй тохиолдолд шүүхэд хандана. Шүүх гэрлэлт цуцлахаас бусад тэтгэвэр, тэтгэлэг, тэтгэмж, дундын хөрөнгө хуваахтай холбогдсон маргаанд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч, эсхүл гэрлэгчдийн сонгосон эвлэрүүлэн зуучлагчийг оролцуулж болно.

Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална. Дээрхи нөхцөл байдал үүссэн тохиолдолд эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргахгүйгээр шууд шүүхэд хандана.

Гэрлэлт цуцлахад хүүхдийн асрамжийн асуудлыг мөн хамтад нь шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл хүүхэд эцэг эхийнхээ хэнийх нь асрамжид үлдэх вэ гэдгийг шийдвэрлэнэ гэсэн үг. Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзэхээр заасан. Хэдийгээр эцэг эхийн хэн нэгний асрамжинд хүүхдийг үлдээх шүүхийн шийдвэр гарсан ч асрамжиндаа аваагүй эцэх эх нь хэдийд ч хүссэн үедээ хүүхэдтэйгээ уулзах, тэдэнтэйгээ харилцах эрхтэй.

- Хүүхдийн тэтгэлгийг ямар хэмжээгээр тогтоодог вэ?

-Хүүхдийн тэтгэлэг болон хүүхдийн сургалтын төлбөр, амьдрах ахуй нөхцөл гэх мэтчилэн бусад асуудал дээр гэрлэгчид харилцан тохиролцож гэрээ байгуулж шийдвэрлэж болно. Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард 0-11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар; 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгохоор заасан. Амжиргааны доод түвшин 2020 оны байдлаар Улаанбаатар хотод 230,000 төгрөг, баруун бүс 203,400, хангайн бүс 206,000 төгрөг, төвийн бүс198,300 төгрөг, зүүн бүс 201,700 төгрөг байна.

-Гадаадад ажиллаж амьдарч байгаа хүмүүс гэрлэлтээ цуцлуулж болох уу?

-Гэр бүлийн тухай хуульд зааснаар гадаад улсад байнга оршин суугаа монгол Улсын иргэн гэрлэлтээ монгол Улсад захиргааны ба шүүхийн журмаар цуцлуулж болно. Тухайн хүн өөрөө монгол улсад ирэх боломжгүй бол амьдарч байгаа улсдаа байх  Монгол улсын элчин сайдын яам, Консулын газарт хандан итгэмжлэлийг хуульч, өмгөөлөгч эсхүл өөрийн хамаарал бхүхий хэн нэгэнтээ олгож гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлээ гаргаж, асуудлаа шүүхээр шийдвэрлүүлж болохоор хуульд заасан.

-Иргэд бие биедээ хүүтэй болон хүүгүй мөнгө зээлдэг, зарим хүмүүс гэрээ байгуулдаг, зарим нь гэрээ байгуулаагүй мөнгө зээлсэн тохиолдлууд нилээд байдаг. Зээлийн гэрээ байгуулахад юуг анхаарах ёстой вэ?

-Зээлийн гэрэг амаар болон бичгээр байгуулж болно. Хэрвээ хүү алданги авах бол зээлийн гэрээг заавал бичгээр байгуулах шаардлагатай бөгөөд бичгээр байгуулаагүй зээлийн гэрээнд хүү авах эрхгүй. Мөнгө буюу зээлж буй эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог байгаа.

-Сүүлийн үед иргэд маань бусдад  мөнгө зээлээд хүүгийн төлбөртөө зээлийн гэрээний хугацаанд зээлдэгчийн байрыг түрээсэлдэг болжээ. Энэ нь хуульд нийцэж байна уу?

-Хууль зөрчсөн зүйл бол байхгүй. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө болон бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг. Талууд өөрсдөө харилцан тохиролцож байгаа учраас зээлийн хүүгийн төлбөрт орон сууж түрээсэлэний төлбөрийг суутгаж болно. Хамгийн гол нь энэ харилцаагаа гэрээ байгуулан баталгаажуулах хэрэгтэй байгаа юм. Гэрээ байгуулахгүйгээр мөнгөө зээлүүлээд хүүнд нь орон сууцыг түрээслээд амьдарчихдаг дараа нь ямар нэгэн маргаан гардаг, асуудлыг шийдвэрлэх гэхээр бичгийн нотлох баримт байхгүй байдаг. Ийм учраас энэ төрлийн зээлийн гэрээг заавал бичгээр байгуулах шаардлагатай байгаа юм.

-Зээлийн гэрээг хугацаагүй байгуулж болох уу? Энэ тохиолдолд хэзээ мөнгөө авч болох вэ? Мөн зээлийн гэрээг нотариатаар баталгаажуулах шаардлагатай юу

-Зээлийн гэрээг хугацаагүйгээр байгуулж болно. Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч зээлээ төлөх үүрэгтэй.

Зээлийн гэрээг заавал нотариатаар баталгаажуулах шаардлагагүй өөрсдөө харилцан тохиролцоод бичгээр байгуулахад болно. Хуульд тусгайлан заасан гэрээг нотариатаар баталгаажуулдаг

-Тэтгэвэр тогтоолгох нас хэзээнээс эхлэх вэ,  ямар шалгуур хангасан байх ёстой вэ?

-Иргэн нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно.

Мөн нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно. Даатгуулагч төрүүлсэн болон З хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.

Гэхдээ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2018 оны 02-р сарын 02-2ны өдрийн нэмэлт, өөрчлөлтөөр даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг жил бүр 3 сараар нэмэгдүүлэхээр заасан. Өөрөөр хэлбэл тэтгэвэр тогтоолгох нас жил бүр 3 сараар нэмэгдэх бөгөөд уг хувь хэмжээ 2038 он хүртэл жил бүр нэмэгдэхээр хуулинд өөрчлөлт орсон.

Даатгуулагч өөрөө өхүсвэл хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгож болох бөгөөд нийтдээ  10-20 жилийн хугацаанд шимтгэл төлсөн байх ёстой.

-Өндөр насны тэтгэвэр тогтоолгоход юуг үндэслэж, ямар хэмжээгээр тогтоодог вэ?

-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан 2018 оны нэмэлт өөрчлөлтөөр тэтгэврийг дараалсан 7 жилийн буюу 84 сарын дундаж цалингаар тогтоохоор өөрчилсөн. Энэхүү зохицуулалт нь 2019 онд 6 жилийн буюу 72 сарын дундаж цалин, 2020 онд 7 жилийн буюу 84 сарын дундаж цалингийн хэмжээгээр бодож бүрэн тэтгэврийг тогтооно гэсэн үг юм. Харин цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу цэргийн алба хаасны тэтгэврийг 5 жилийн буюу 60 сарын дундаж цалингаар тогтооно.

Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд 1.5 хувиар, сар тутамд 0.125 хувиар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлснөөс тооцож нэмэгдэл олгоно.

-Малчдын хувьд хэдэн наснаас тэтгвэр тогтоолгох эрх үүсч байгаа вэ? Бусад даатгуулагч нарын хувьд өөр хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэвэр тогтоолгох эрх байдаг уу?

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд зааснаар мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг малчин гэж тодрхойлж байгаа. Түүнчлэн аж ахуй нэгж, байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр мал маллаж байсан малчин, саальчин, цаа буга маллан тайгад амьдарч байгаа цаатан иргэнийг малчинд хамааруулна.

Нийтдээ 20-оос доошгүй, үүнээс 15 жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн,  нийтдээ 20-оос доошгүй, үүнээс 12 жил 6 сар малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн малчин өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно. Малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нэг жилийг нэг жил хоёр сараар шимтгэл төлж ажилласан хугацаанд тооцохоор хуулинд өөрчлөлт ороод 2019 оноос хойш хэрэгжээд явж байна.

Малчин даатгуулагч өндөр насны тэтгээвэр тогтоолгоход дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Өргөдөл;
  • Нийгмийн даатгалын дэвтэр;
  • Даатгуулагч 1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр, хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр;
  • Даатгуулагч 1995 оноос өмнө ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгохыг хүсвэл хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт;
  • Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулсан тухай нийгмийн даатгалын байгууллагаас олгосон баримт, лавлагаа;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар, эсхүл лавлагаа;
  • Тухайн үед оршин сууж байсан тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
  • Малчнаар ажилд томилсон, чөлөөлсөн тухай тушаал, эсхүл хөлсөөр ажиллах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, эсхүл тэдгээртэй адилтгах гэрээ;
  • 1995 оноос хойш малчнаар ажилласныг нотлох “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого”-ын бүртгэл, лавлагаа;
  • 2 хувь цээж зураг /3x4/

Бусад даатгуулагч нарын хувьд хөнгөлөлттэй гэж харж байгаа зүйл нь төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцохоор мөн хуулинд нэмэлт өөрчлөлт юм.

Эх сурвалж: udriintoim.mn Г.НЯМ