Талбайн теннисний “Их дуулга”-ын цувралын 18 түрүүг хүртсэн алдарт тамирчин Мартина Навратилова ижил хүйстнүүдийн асуудлын талаар өөрийн бодлоо дэлгэжээ. Чехословакт төрж өссөн тэрбээр хожмоо АНУ-ын иргэн болсон юм. Навратиловаг ижил хүйстэн гэдгийг спорт сонирхогчид андахгүй.

Навратилова 2014 онд ОХУ-ын иргэн Юлия Лемигова гэх бүсгүйтэй гэрлэсэн. Юлия Лемигова нь 1990 оны ОХУ-ын дэд миссээр тодорч байсан юм.

“Олон тамирчин ижил хүйстэн гэдгээ нууж явна. Учир нь багийн спортын тамирчин хүн өөрийгөө илчилчихвэл юу ч үгүй хоцорно гэж эмээж буй хэрэг. Төрийн дуулал эгшиглэхэд босч зогсолгүй суусныхаа төлөө Колин Каперник өнөөдөр лигтээ ч тоглож чадахгүй гадуурхагдаж яваа. Түүнтэй адил ижил хүйстнүүдэд ч тун таагүй хандах биз. Сагсанбөмбөг, америк хөлбөмбөг, хоккейд ижил хүйстнүүд бишгүй бий. Гэвч бүгд айж болгоомжлоод таг дуугүй.

Харин ижил хүйстэн эмэгтэйчүүдийн хувьд байдал арай өөр. Багийн спортын тамирчин бүсгүйчүүд бэлгийн чиг хандлагаа ил зарлаж чадаж байна. Эмэгтэйчүүд илүү зоригтой болохоороо тэгж байж болох юм.

Тамирчны замналаа өндөрлүүлээгүй байхдаа өөрийгөө ижил хүйстэн гэдгээ зарласан анхны эмэгтэй бол би. Ихэнх нь тамирчны замналаа өндөрлүүлсний дараагаар өөрийгөө илчилдэг юм. Би эрчүүдийг угаасаа л сонирхдоггүй. Үүн дээр эргэлзээ тээнэгэлзээ байгаагүй. Өөрийгөө илчилбэл байдал хүндрэхийг мэдэлгүй яахав. Гэхдээ үүнээс эмээгээгүй юм. Ивээн тэтгэгчийн гэрээ, рекламын орлого гээд олон зүйлээ алдах ч гэсэн тоогоогүй. Ер нь би мөнгөний төлөө тоглож байгаагүй.

Яагаад үүнээс эрт өөрийгөө илчлээгүй юм бэ гэвэл намайг АНУ-ын иргэн болгохгүй байж магадгүй  гэж болгоомжилсон юм. Цагаачлалын асуудал хариуцсан ажилтан надаас “Та ижил хүйстэн юм уу?” гэж асуухад би “Тийм ээ” гээд хариулчихвал улсынхаа иргэн болгохгүй гэж магадгүй. Гэхдээ азаар асуугаагүй л дээ. Хэрвээ асуусан бол үнэнээ л хэлэх байсан. Магадгүй тэр хүн теннис их сонирхдог болохоороо асуугаагүй ч байж мэдэх юм.

Чехэд ижил хүйстнүүдийг яагаад тэгтлээ үзэн яддагийг би мэдэхгүй. “Одоо тэгээд амьтадтай бас гэрлэх үү? Нохойтой суух уу?” гэх мэт асуулт тавихаас тэд буцахгүй шүү. Гэхдээ хамгийн сүүлд хайраа өгсөн эмэгтэйгээ харахад тэр минь ямар ч байсан нохой байгаагүй. Зарим нь хувийн амьдрал руу өнгийж, хачин зүйл мэдэх гэнэ. Жишээлбэл, сексийн хамтрагчийг минь эр эрхтэнтэй юу? гэж асууна. Хүмүүс нэг иймэрхүү л хандлагатай байдаг юм. Одоо тэгэхээр яах болж байна вэ? Хөршөө тайван амгалан унтуулахын тулд бид хоёр сексээ чимээгүй хийх ёстой болж байна уу? Энэ бол солиорол” хэмээн Мартина Навратилова өгүүлжээ.

Р.Гэгээ