Ердөө дөрвөн жилийн хугацаанд мэргэжлийн сумод барилдахдаа Макүүчи буюу дээд зиндаанд дэвшиж, олон сая фэнтэй болоод буй Энхо буюу Юяа Накамура 1994 оны аравдугаар сарын 18-нд Ишикава мужийн Каназава хотноо төржээ.

Юяа Накамурагийн эцэг нь “Хоккокү Шимбун” сонинд ажилладаг байжээ. Тэрбээр таван настайгаасаа сумогоор хичээллэж эхэлсэн. Эхэндээ нүцгэн биен дээрээ маваши өмсөхөөс ичиж хэсэг цааргалсан ч дараа нь барилдааны амтанд ороод тоохоо больсон байна.

Бага ангид суралцаж байхдаа Юяа усан пологийн хаалгачаар тоглодог байжээ. Дунд сургуульд ороход түүнтэй нэг ангид эдүгээ мөн сумогийн дээд зиндаанд барилдаж буй Кагаяки хамт сурч байжээ.

18 настайдаа буюу ахлах сургуулий төгсөхийн өмнө Хонконгд болсон Өсвөрийн ДАШТ-д түрүүлжээ. Дараа нь Гакуин Дайгакү их сургуульд элсэн суралцсан байна. Их сургуульд суралцаж байхдаа Тайваньд болсон Сонирхогчдын сумогийн ДАШТ-ий хөнгөн жинд түрүүлж, дараа жил нь амжилтаа давтжээ.

Хэдийгээр сонирхогчдын сумогийн ДАШТ-д дараалан оролцож, амжилт гаргасан ч мэргэжлийн сумод барилдая гэж боддоггүй байж. Гэвч нэг ангид сурдаг найз охин нь түүнтэй харилцаагаа тасалсны дараагаар Юяа мэргэжлийн сумоч болохоор эргэлтгүй шийдсэн гэдэг. Ёкозүна Хакухо түүнд Миягино дэвжээндээ орохыг санал болгосноор Энхо урилгыг хүлээн авч, барилдаж эхэлсэн юм.

2017 оны гуравдугаар сард мэргэжлийн сумогийн дэвжээнээ анхлан гарч, эхний гурван башёдоо гурван доод зиндаа /жонокүчи, жонидан, санданмэ/-нд нэг ч уналгүйгээр дараалан түрүүлж, макүшита зиндаанд дэвшин барилдах болсон. 2018 оны гуравдугаар сард Жюүрёо зиндаанд дэвшиж, 2019 оны тавдугаар сард Макүүчи зиндаанд дэвшсэн.

Энхогийн биеийн өндөр 168 сантиметр, биеийн жин 99 кг. Тэрбээр мэргэжлийн сумод одоогоор 214 барилдаан хийснээс 126 давж, 88 унаад байна.

Хакухо Японы иргэн болсноор тамирчны замналаа өндөрлүүлснийхээ дараагаар өөрийн гэсэн дэвжээтэй болох эрхтэй болсон. Тэгвэл Хакухогийн тус дэвжээнд Энхо туслах дасгалжуулагчаар ажиллахаар урьдчилан тохиролцсон ажээ.

Р.Гэгээ