ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинийг ардчиллыг нухчин дарагч дарангуйлагч гэж үздэг, манай хойд хөршийн Сөрөг хүчний удирдагч А.Навальныйг Германд эмчлүүлж байгаад эх орондоо ирэхэд эрх баригчид нь баривчилсан. Түүнийг нисэх онгоцны буудал дээрээс шууд хорих руу авч явсан нь Сөрөг хүчнийг дэмждэг оросуудыг Коронавирусийн хорио дэглэмийг үл тоон гудамжинд гарч жагсаал цуглаан хийхэд хүргэлээ. А.Навальный нь өнгөрсөн 2020 оны наймдугаар сарын 20-нд Томск хотоос нийслэл Москва руу агаараар зорчиж явахдаа нисэх онгоцонд гэнэт ухаан алдаж унасан байдаг. Онгоцны нисэх багийнхан онгоцоо Омск хотод буулгаж эмнэлгийн анхан шатны тусламж түүнд үзүүлэх боломжоор хангасан. Гэвч бие нь төдий л сайжрал олоогүй, нөгөөтэйгүүр өвчний тодорхой оношгүй байсан А.Навальныйг эхнэр хүүхдийнх нь хүсэлтээр Герман руу явуулж Берлиний төв эмнэлэгт хүргэсэн. Германы тал түүнийг “Новичок” гэдэг хороор хордуулсныг тогтоож эмчилсэн байна. А.Навальный шинэ оны өмнөхөн өөрийг нь Томск хотын зочид буудалд байхад нь дотоожинд нь “Новичок” хор хийсэн тухай ярианы бичлэгийг цахим сүлжээнд тавьсан нь Орост төдийгүй олон улсад шуугиан тарьсан билээ. Энэ хэрэг явдалтай төстэй, бусдыг санаатайгаар хордуулсан гэх гэмт хэргийн тухай шуугиан урьд өмнө олонтаа гарч байлаа. Гэхдээ захиалагч болон гүйцэтгэгчийг олоогүй байдаг юм. Эдгээрээс заримыг танилцуулъя.

  1. -1978 оны Есдүгээр сар.- Болгарын жүжгийн зохиолч, тэрс үзэлтэн Георгий Марков. Гэмт этгээд Английн Лондон хотын төмөр замын буудалд түүний хөл рүү борооны шүхрийн төмөр үзүүрээр хатгаж, бортогтой “Рисина” үрлэн хор хөлийн булчинд нь суулгаж хийсэн. Хордуулснаас хойш гурав хоногийн дараа Георгий Марков нас барсан. Болгар улсын Тагнуулын нууц албаныхны үйлдэл гэсэн батлагдаагүй таамаглал байдаг.
  2. -1997 оны Есдүгээр сарын 25.- Палестины “Хамас” бүлгийн удирдагч Чалид Машал. Гэмт этгээд түүнийг Иордон улсад аялж явахад нь “Фентанил” хор чих рүү нь цацсан. Иорданы шейх уг хэрэгт Изриалын эрх баригчдыг буруутгасан. Изриалууд бид биш гэж зарлаад, хорыг саармагжуулах маш сайн эм тариагаар тусалсны үр дүнд тэрбээр аврагдсан.
  3. -2004 оны Есдүгээр сар.- Украины сөрөг хүчний удирдагч Виктор Ющенко. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа ид болж байхад хоолонд нь “Диоксина” хор хийсэн. Эмнэлгийн яаралтай тусламж авч, хорыг саармагжуулж хордлого тайлах эмчилгээ хийлгэсний ачаар амьд үлдсэн. Гэхдээ нүүрэнд нь хорны ул мөр болох цоохор товхнууд үлдсэн. Тэрбээр сонгуульд амжилттай оролцож ялснаар 2005-2010 онд Украины Ерөнхийлөгчөөр ажилласан. Хордуулсан гэмт этгээдүүдийг олж чадаагүй.
  4. -2006 оны Арваннэгдүгээр сарын 1.-ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинийг шүүмжлэгч, эсэргүүцэгч, Оросын экс тагнуулч Александр Литвиниенко. Тагнуулын албанд хамт ажиллаж байсан орос найзтайгаа Лондон хотод уулзсан. Энэ уулзалтын үеэр өөрийг нь “Полон-210” хороор хордуулсныг дараа нь мэдсэн. Эмнэлэгт хэвтэж хор саармагжуулах эмчилгээ хийлгэсэн боловч амжилт олоогүй гурван долоо хоноод нас барсан. Тэрбээр хордуулах захиалгын эзнийг Ерөнхийлөгч В.Путин гэж мэдэгдэж байсан. Гэвч албан ёсоор батлагдаагүй.
  5. -2017 оны Хоёрдугаар сарын 13.- Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны төрсөн ах Ким Чон Нам. Үл таних хоёр бүсгүй Малайзийн Куала-Лумпурийн нисэх онгоцны буудлын танхимд бортогтой саванд хийсэн “VX” хорыг түүний нүүр рүү шүршсэн. Түргэн тусламж үзүүлэхээр эмнэлэг хүргэхээр авч явах замд тэрбээр нас барсан. Гэмт хэргийн захиалагчийг БНАСУ-ын эрх баригчид гэсэн батлагдаагүй таамаглал бий.
  6. 2018 оны Гуравдугаар сарын 4. – Оросын экс тагнуулч, гадаадын нууц албанд элсэж “худалдагдсан” Сергей Скрипал. Их Британийн Солсбери хотын цэцэрлэгт хүрээлэнгийн сандал дээр охиныхоо хамт хоёул ухаангүй байхад нь олсон. Эмнэлэгт нэлээд олон долоо хоногоор эмчлүүлж эцэг, охин хоёр амь аврагджээ. Одоо ид шуугианы эзэн болоод буй А.Навальныйд хэрэглэсэн гэх “Новичок”-оор хордуулсан гэдэг нь тогтоогдсон. Харин захиалагч болон гүйцэтгэгчийг тогтоогоогүй. ОХУ-ын тагнуулын нууц албаныхан гэсэн хардлага явдаг. Сергей Скрипал, охиныхоо хамт өнгөрсөн оны зургаадугаар сард Шинэ Зеландад суурьшихаар нүүж очжээ. Гэхдээ нэр овгоо өөрчлөн сольж шинэ паспорт авсан байна.

Эх сурвалж: Udriintoim.mn