Цагаан сарыг “Нэгдэлч малчдын баяр” нэртэйгээр 1960-1988 онд жил бүр тэмдэглэж байх үед Спортын төв ордонд үндэсний бөхийн нэгэн сайхан барилдаан болдог уламжлал тогтсон. Энэ бол Цагаан сарын өмнөх өдөр буюу олны нэрлэж заншсанаар Сар шинийн баярт зориулсан Битүүний барилдаан юм. Битүүний бөхийн барилдааныг хамгийн анх 1963 оны 2-р сарын 24-нд  зохион явуулж орон даяар радиогоор шууд дамжуулахад МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, улсын арслан Ц.Бадамсэрээжид тайлбарласан байдаг. Үүнээс дөрвөн оны дараа манай оронд телевиз бий болсноор 1967 оноос жил бүр Битүүний бөхийн барилдааныг зурагтаар шууд дамжуулан гаргадаг болжээ.

1963 оноос хойш өнгөрсөн хугацаанд Цагаан сар- Сар шинийн баярт зориулсан Битүүний бөхийн барилдаан 2019 он хүртэл нийт 57 удаа болсон. Ноднин 2020 онд Коронавирусийн цар тахлын халдвар хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн нөхцөл байдлаас үүдэн Битүүний бөхийн барилдааныг явуулалгүй өнжсөн. Өнөө жилийн хувьд Цар тахлын тархварын нөхцөл байдал ноднингоос илүү эрсдэлтэй, дотоодод голомтолсон учраас уг барилдааныг зохион явуулах нь бүр зохимжгүй гэсэн дүр зураг харагдаж буй.

Гэвч Монголын Үндэсний бөхийн холбоо энэ удаад Битүүний бөхийн барилдааныг өнжөөхгүй, заавал зохион явуулна, Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийг цахимаар бүртгэж, тэднийг 2-р сарын 10-ны 17.00 цагаас эхлэн тусгаарлаж байрлуулан, улмаар хүн бүрээс хоёр удаа түргэвчилсэн шинжилгээ авч нэг хонуулаад маргааш нь буюу 2-р сарын 11-нд зодоглуулна гэж мэдэгдэж байв. Битүүний барилдаан явуулах зөвшөөрөл авах хүсэлтээ УОК, Нийслэлийн ОК-т хүргүүллээ гэж зарласан. Харин нийслэлд Битүүний өдөр буюу 2-р сарын 11-ний өглөөний 06.00 цагаас эхлэн 12 хоногийн хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хөл хорио тогтоох болсноос үүдэж Улаанбаатар хотод болдог уг барилдаан хоёр дахь жилдээ өнжихөөс аргагүй боллоо.

Битүүний бөхийн барилдааныг 1963-1998 онд Спортын төв ордонд зохион явуулжээ. Харин Монгол бөхийн өргөөг шинээр барьснаас хойш 1999 оноос эхлэн тус өргөөнд хэсэг хугацаанд, Яармагийн дэнжид шинэ “Буянт-Ухаа” спортын ордон ашиглалтад орсноор сүүлийн жилүүдэд тус цогцолборт Битүүний бөхийн барилдаан болж байгаа. 1963-2019 оны нийт 57 удаагийн барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон 13 түрүүлсэн. Х.Баянмөнх аварга найм, Ж.Мөнхбат аварга зургаа түрүүлсэн амжилтаар удаалдаг.

Нэгэнт Улаанбаатар хотод Битүүний бөхийн барилдааныг зохион явуулах боломжгүй болсон тул Монголын Үндэсний бөхийн холбооны Тэргүүний үүрэг гүйцэтгэгч, улсын заан Ц.Магалжав тус барилдааныг Говь-Алтай аймгийн төвд зохион явуулах санаачилга гаргаж, зодоглох 128 бөх, түүнчлэн засуул, хөлийн цэц нийт 140 хүнийг нисэх онгоцоор зорчуулахаар төлөвлөжээ. Говь-Алтай аймаг нь цар тахлын халдвар голомтгүй “ногоон бүс”. Коронавирусийн цар тахлын голомттой Улаанбаатар хотоос “ногоон бүс”-эд очсон хэн ч байсан 14 хоногийн тусгаарлалтад орох журамтай. Алтайд очсон улс, аймгийн цолтой 128 хүчтэн маань хоёр долоо хоногийн дараа тусгаарлалтаас гарах болохоор 2021 оны Үхэр жилийн Цагаан сард зориулсан 2-р сарын 11-ний Битүүний бөхийн барилдаан, цаг хугацааны хувьд арай хожуу хоёрдугаар сарын төгсгөлөөр болох нь ээ. Хэрвээ МҮБХ-ны Тэргүүний үүрэг гүйцэтгэгч Ц.Магалжав зааны төлөвлөгөө хэрэгжвэл Монгол бөхийн түүхэнд Битүүний бөхийн барилдаан анх удаа хөдөө орон нутагт болсон гэсэн шинэ хуудсаар баяжих ажээ.

 

Эх сурвалж: udriintoim.mn