Дөрвөн жилд нэг удаа болдог сонгуульд намууд улс орныхоо хөгжлийн талаарх мөрийн хөтөлбөр боловсруулж, нэр дэвшигчид тухайн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, өөрийн мэдлэг боловсролоо улс эх орныхоо төлөө зориулан ажиллах бодлогыг хэлдэг. Харин энэ удаагийн УИХ-ын сонгуульд өс хонзонтой, өмнө нь хоорондоо муудалцаж байсан улстөрчид нэгнийгээ мөшгин нэр тойрогт дэвшихээ зарлаж эхлээд байна.

АН-ын лидерүүд болох Э.Бат-Үүл, З.Энхболд хоёр эртнээс дайсан болсон нөхөд. Э.Бат-Үүл байсхийгээд З.Энхболдын талаар хатуу үг сошиалаар чулууддаг. Түүнийх нь хариуд З.Энхболд нэр төр гутаалаа хэмээн шүүхэд ханддаг. Хэд хэдэн удаагийн ийм тохиолдол бий. Энэ сонгуулиар Э.Бат-Үүл бие даан нэр дэвшихээ саяхан зарлав. Зарлах зарлахдаа З.Энхболдын тойрогт очиж өрсөлдөнө гэдгээ хатуухан хэлсэн.

Тэгвэл өс хонзонгийн тойрог дахин нэгээр нэмэгдлээ. УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр өчигдөр телевизийн ярилцлагад орохдоо УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн тойрог болох Хан-Уулд нэр дэвшихээ зарлав. Энэ хоёр эрхэм бас л эртнээс муудалцсан.

Энэ мэтчилэн нэгнээ намнах, өс хонзонгоо тайлах гэсэн тойргууд дахин хэдээр нэмэгдэхийг таашгүй. Гол нь тэнд эгэл жирийн ядарсан ард түмэн өөрсдөд нь хэрэгтэй төрийн бодлогыг хүлээж суугаа. Нэр дэвшигчдийн хувьд тэдгээр ард түмэн, тойргийн сонгогчид нь өнөөдрийн байдлаар 10 дугаар асуудал болчихоод байна уу даа.

Эх сурвалж: udriintoim.mn Г.НЯМ