2020-2021 оны хөлбөмбөгийн улирлын УЕФА-гийн Аваргуудын лигт тус холбооны гишүүн 54 улсын чансаа өндөртэй нийт 79 баг өрсөлдсөнөөс Аваргуудын лигийн шигшээ 32-т Англи, Испани, Итал, Германаас тус бүр 4, Франц, ОХУ-ын тус бүр 3, Украины 2, бас Португал, Бельги, Турк, Голланд, Австри, Унгар, Дани, Грекийн нэг нэг баг шалгарлаа. Өнөөдөр Швейцар дахь УЕФА-гийн төв байранд эдгээр 32 баг найман хэсэгт хуваагдан дөрөв дөрвөөрөө өрсөлдөх оноолтын сугалааг татна. Багуудыг чансаагаар нь дөрвөн сагсанд хийсэн бөгөөд нэгдүгээр сагсны найман багаар толгойлуулсан найман хэсэгт тус бүрт 2, 3, 4 дүгээр сагснаас нэг багийг оноолтын сугалаагаар оруулна. Хэсгүүддээ эхний нэг, хоёр дугаар байр эзэлсэн багууд хасагдах шатны шөвгийн 16-т шалгарч цааш тоглох эрх нээгдэнэ.

Хэсгийн 1-6 дугаар тойргийн тоглолтууд: X.20-21-нд, мөн X.27-28, мөн XI.3-4, мөн XI.24-25, мөн XII.1-2, мөн XII.8-9-нд болно. Өнөөдрийн сугалааны гол онцлог нь, нэг улсын багуудыг нэг хэсэгт оруулахгүйгээр зөрүүлдэгт оршино. Жишээлбэл, Германы Бавари М баг тэргүүлсэн хэсэгт 2-р сагснаас Борусси Д-аас бусад 7 багийн, 3-р сагснаас Зальцбург, Лейпцигаас бусад 6 багийн аль нэгийг сугална. Харин 4-р сагсанд Германы баг байхгүй тул нийт 8 багийн аль нь байж болох юм.