УИХ-ын сонгуульд НАМ, ЭВСЛЭЭС нэр дэвшүүлэх ажиллагаа, мөн БИЕ ДААН нэр дэвшүүлэх ажиллагаа Сонгуулийн тухай хуулийн 29.1, 29.2-т заасны дагуу  долоо хоног үргэлжилсний эцэст өнөөдөр бямба гарагаас нямд  шилжих шөнийн 00.00 цагт дуусч байгаа юм. “Нэр дэвшүүлэх ажиллагаа дуусна” гэдэг нь Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийн /нам эвслээс болон бие даагч/ нэрсийг бүгдийг нь хүлээн авснаар энэ шатны ажил өндөрлөхийг хэлнэ. Бие даагч нар тус бүртээ 801-ээс доошгүй сонгогчийн гарын үсэг цуглуулж өөрсдөдөө УИХ-ийн сонгуульд дэвших эрхийн баталгаа олж авахаар сүүлийн долоо хоног явсан болохоор тэдний нэр олон нийтэд ил болсон.

Харин нам, эвслүүдээс хэн дэвших нь, ялангуяа МАН, АН хоёрынх мөддөө тодордоггүй нь нэгд, Сонгуулийн тухай хуулийн 30.4. Намаас нэр дэвшүүлэх асуудлыг тухайн намын Их хурал, эсхүл төлөөллийн төв байгууллага хуралдаанаараа хэлэлцэж, нууцаар санал хурааж, олонхын саналаар шийдвэрлэнэ гэсэн заалттай холбоотой. Хоёрт, энэ удаад дэвших, эсхүл дэвшилгүй үлдээд дараа нь Засгийн газрын гишүүн болох, түүнчлэн тойрог солих наймаа, тохиролцоо хийх гэх мэтийн маш олон төрлийн сэдэвчилсэн үйл явдал нэр дэвшигчийг тодруулах хурлын үеэр өрнөдөг учраас цаг хугацаа их авдаг.

МАН-ын Бага хурал өнөөдөр намынхаа Тусгаар тогтнолын ордонд УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх 50 эрэгтэй, 26 эмэгтэй улстөрчийг нууцаар санал хурааж тодруулахаар хаалттай горимоор хуралдаж байгаа. Харин АН-ын Үндэсний бодлогын хорооны 400 гишүүн УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд өрсөлдөх 50 эрэгтэй, 26 эмэгтэй нэр дэвшигчээ тодруулахаар цахимаар хуралдаж эхэллээ. ҮБХ-ны гишүүд цахимаар саналаа өгөх ажээ.