Айл өрхийн цахилгааны бичилт өндөр гарч байгаа, Засгийн газрын хөнгөлөлт маш бага гэх мэдээллүүд гарч эхлээд байгаа билээ. Энэ асуудлаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Улаанбаатар хотын хэмжээнд арванхоёрдугаар сард 362.500 хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний төлбөрийн бичилт хийгдсэн. Бүх хэрэглэгчид төлбөрийн мэдээлэл очсон. Үүнээс 4919 гомдол ирсэн. Тайлбар хариуг тухай бүрт нь өгч, 294 хэрэглэгчийн гомдлыг албан ёсны гомдол болгон шийдвэрлэхээр ажиллаж байна.

Ирсэн гомдлуудыг утгаар нь багцалж үзвэл төлбөр өндөр гарсан, арванхоёрдугаар сарын 1-нээс төлбөрийг төр хариуцаж байхад иргэн төлөхөөр нэхэмжлэл ирсэн гэх асуудал байгаа.

Айл өрх бүрийн тоолуурын заалтыг манай ажилтнууд биеэр очиж авдаг нүсэр ажил бий. Тиймээс энэ ажлыг хөнгөвчлөхийн тулд зургаан хэсэг болгон тоолуурын заалтыг авдаг. Хэрэглэгчийг гэрээ байгуулж, сүлжээнд холбогдсон өдрөөс нь 30 хоногийн хугацаагаар нь тасалбар болгодог. Тиймээс олон хэрэглэгчийн төлбөр сар дамжиж орж ирдэг. Өөрөөр хэлбэл, арванхоёрдугаар сард ирсэн төлбөрийн мэдээлэлд нь арваннэгдүгээр сарын тодорхой хоногууд орж ирсэн байгаа.

Жишээлбэл, иргэн Н.Тавинбэх долдугаар сарын 10-нд гэрээ байгуулсан гэж үзвэл цахилгааны төлбөр нь долдугаар сарын 10-наас наймдугаар сарын 10-ныг хүртэл тооцогдож, наймдугаар сард төлбөр нь гарна. Энэ мэтчилэнгээр тооцвол арваннэгдүгээр сарын 10-наас арванхоёрдугаар сарын 10-нд хэрэглэсэн цахилгааны төлбөр нь арванхоёрдугаар сард гарна гэсэн үг.

Эх сурвалж: udriintoim.mn Г.НЯМ