Канадын Монреаль хотноо төвтэй Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг (WADA) манай хойд хөрш ОХУ-ын тамирчдыг 2022.XII.16-ныг хүртэлх хоёр жилийн хугацаанд өвөл зуны Олимпын наадам, Паралимп, ДАШТ-д  эх орныхоо Төрийн далбаа, Төрийн дуулалгүй өрсөлдөх шийдвэр гаргаж спортын хориг арга хэмжээ авсан. Харин тамирчдыг далбааны цэнхэр, улаан, цагаан өнгөтэй, улсынхаа нэр “Россия” гэсэн бичиг бүхий дүрэмт хувцас өмсөхийг зөвшөөрчээ.

Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагаас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 17-нд гаргасан энэхүү спортын хориг арга хэмжээ, шийтгэлийн үндэслэл нь:  Оросууд сүүлийн жилүүдэд болсон Олимп, ДАШТ болон олон улсын тэмцээнд шударга өрсөлдөөний зарчмыг зөрчиж сэргээш хэрэглэж байсанд оршино.

ОХУ-ын Олимпын хорооны комиссын дарга, туялзуур сэлэмний олимпын аварга София Великаяа тэргүүтэй хүмүүс хориг арга хэмжээ дуусах хүртэлх ойрын хоёр жилийн хугацаанд спортын уралдаан тэмцээн, наадмын үеэр Төрийн дууллыг эх орондоо төдийгүй Дэлхийд алдаршсан “Катюша” дуугаар орлуулах санал гаргалаа. Уг саналыг ОХУ-ын эрх баригчид, Төрийн думын гишүүд талархан хүлээн авч дэмжиж буй ажээ. ОХУ-ын Олимпын хороо энэ саналаа Олон улсын олимпийн хороо (ОУОХ)-нд албан ёсоор тавьсан бөгөөд тус хороо ойрын үед өөрийн харьяа Спортын олон холбоодтой зөвлөлдөж зөвшөөрөх эсэхээ шийдэж хариу өгнө гэдгээ мэдэгдсэн байна.

Дэлхийн II дайны үед Эх орончдын албан бус сүлд дуу болж түгсэн “Катюша” дууны үгийг 1938 онд яруу найрагч Михаил Исаковский бичиж, аяыг хөгжмийн зохиолч Матвей Блантер зохиосон байдаг. ОХУ-ын нэр хүндтэй “Репортер” сэтгүүлээс 2015 онд зохион явуулсан, Дэлхийн болон Оросын сонгодог дууны шүлгийг шалгаруулах санал асуулгаар хит-парадын 13 дугаарт уг дуу орсон. Шүлгийг нь бичсэн яруу найрагч М.Исаковскийн төрсөн нутаг Урганск мужийн Глотовка тосгоноос холгүй орших Всходы сууринд “Катюша” дууны музей бий.

 

Эх сурвалж: udriintoim.mn