Бид тоймлоё, Та унш

2019.09.10 Мягмар                                              24°C  2,671.58  Өвчин эмгэг ирнэ

Чухлыг тоймлоё 


Энэ жил ДАШТ, ирэх жил Олимп 

Олимп хаяанд ирж, тамирчид эрхийнхээ төлөө өрсөлдөж буй энэ үед чөлөөт бөхийн маргаан үүсэж, -53 кг-д Монголыг төлөөлөх тамирчингүй болох магадлалтай байна. Тухайлбал, 9/17-нд Казахстанд болох ДАШТ-д оролцох эрхээ 18 настай М.Пүрэвтунгалаг авсан ч Чөлөөт бөхийн холбоо Э.Сумъяаг явуулахаар шийдвэрлэжээ.

Яагаад өөр тамирчин явуулахаар болов? 
М.Пүрэвтунгалагт хатиг өвчний улмаас 14 хоногийн актыг шигшээ багийн эмч нь бичиж өгсөн. Улмаар Э.Сумъяаг явуулахаар шийдвэрлэсэн ч тэрээр ДАШТ-д оролцох эрхээ авч чадаагүй юм. М.Пүрэвтунгалаг давтан шинжилгээгээр эрүүл гэж гарсан ч ДАШТ-д оролцох тамирчны нэрийг дахин солих боломжгүй учир -53 кг-д тамирчин явуулахгүй байх асуудлыг хэлэлцэхээр боллоо.

Гэвч… 
-53 кг нь олимпын жин бөгөөд сонгогдоод буй Э.Сумъяа нь 2013 онд ДАШТ-ий мөнгө, 2018 онд ААШТ хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлжээ. Хэрэв ДАШТ-д тамирчин сойхгүй бол Монгол улс олимпын -53 кг-д оролцох эрхээ алдах магадлалтай юм. Мөн Э.Сумъяа 2016 онд допингийн асуудалд орооцолдож, Риогийн олимпд оролцох эрхээ хасуулж байсан ч бөхийн холбоо удаа дараа хүсэлт гаргасны хариуд эрхийг нь сэргээсэн байдаг.


Хөлбөмбөг тоглоцгооё

Чингэлтэй уулын энгэрт 108x72 хэмжээтэй, 400 м гүйлтийн 6 зам, дугуйн зам, 2000 хүний суудалтай хөнгөн атлетик, хөлбөмбөгийн талбай нээгдлээ. Ингэснээр тив, дэлхийн томоохон тэмцээнийг улсдаа зохиох боломжтой болж байна. Манай улсад хөлбөмбөг 1996 оноос хөгжиж байгаа ч бэлтгэл хийх талбай, хөрөнгө мөнгө хомс байдгаас үүдэн ОУ-д төдийлөн амжилт үзүүлээгүй юм. Ц.Элбэгдорж ерөнхийлөгч байхдаа хөлбөмбөгийн ДАШТ-г 2050 онд Монголд зохиохыг уриалж, ОУ-ын хөлбөмбөгийн холбоотой мөрөөдлийн гэрээ байгуулжээ. 


Хар тамхичдын үүр болсон бар!

ЦЕГ-аас шөнийн цэнгээний газарт шалгалт хийж байгаа ба одоогоор ЧД-т байрлах 1 барнаас хар тамхи хэрэглэсэн 21-41 насны 24 хүнийг баривчлаад байна. Тэдний 1 эмэгтэй, 2 нь тус баранд DJ хийхээр ирсэн Германы иргэн байжээ. Одоогоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ба манай улсад хар тамхи байнга хэрэглэдэг 700 гаруй хүн байгаа нь судалгаагаар тогтоогджээ.


Хийсэж ирдэг байгалийн гамшиг 

Японд 9/9-нд болсон хар салхины улмаас 1 сая гаруй айл цахилгаангүй болж 100 гаруй нислэг хойшиллоо. Мөн метро, хурдны зам, ачааны хөлөг онгоц, төмөр замын үйл ажиллагаа түр саатсан байна. Хар салхины улмаас 1 хүн амиа алдаж, 10 орчим хүн эмнэлэгт хүргэгджээ. Үүнээс гадна Францад 6-7 сард +40 градус хүрсний улмаас 1500 хүн амиа алдсан гэж ЭМЯ мэдэгдлээ. Амиа алдсан иргэдийн талаас илүү нь 75-с доош насныхан байжээ.


Хонг Конгчууд Трампаас тусламж гуйлаа 

Хонг Конгийн жагсагчид ээлжит жагсаалынхаа үеэр тусгаар тогтноход нь туслахыг Трампаас гуйлаа. Тэд Америкийн консулын газарт Хонг Конгийн хүний эрх, ардчиллын тогтоолыг батлах хүсэлт гаргасан байна. Хэрэв тогтоол батлагдвал Хонг Конг, Хятадын ЗГ-т шахалт өгөх юм. Жагсаал тайван замаар эхэлсэн ч удалгүй үймээн самуун үүсэж, жагсагчид метроны буудалд гал тавьж, цонхыг нь хагалсан байна. Гэвч Трамп Хонг Конгийн асуудалд оролцох сонирхолгүй байгаа гэжээ.

Таны сонорт


Image result for snow iconПүрэв, Баасан гарагт уулархаг нутгаар нойтон цас орно. 

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал  


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр