УОК хуралдаж,  коронавирусын халдварын тархалттай холбоотойгоор хэд, хэдэн шийдвэр гаргалаа.  Их, дээд сургууль болон коллеж, ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хугацааг дөрөвдүгээр сарын 30-ныг  хүртэл сунгах шийдвэр гаргажээ.

Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Энэ жилийн хичээл сургуулийн үйл ажиллагааг зургадугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлүүлээд намар хичээлийн жилийг наймдугаар сарын 15-ны даваа гарагаас эхлүүлэхээр хичээлийн жилийн бүтцийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж зохицуулалт хийж байна. Мөн элсэлтийн ерөнхий шалгалтыг сонгуулийн дараа зохион байгуулахаар болсныг мэдэгдлээ.

Түүнчлэн ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан “Олон улсын нислэгийг зогсоосон хугацааг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл үргэлжлэхээр болж байна. Харин тусгай нислэгийг 14 хоногийн хугацаанд  хийхгүй. Орж ирсэн иргэдийнхээ эрүүл мэндийн байдлын харгалзан тусгаарлаж, хяналтад байлгана. Ингээд 14 хоногийн дараа чартер нислэг дахин явуулах эсэх асуудлыг УОК-т оруулна.  Төмөр замыг хоёрдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 30-н хүртэл зогсоосон. Бээжин-Улаанбаатар, Хөх хот-Улаанбаатар, Эрхүү-Улаанбаатар, Москва-Улаанбаатар, Эрээн-Улаанбаатар чиглэлийн хувиарт галт тэрэг бүгд зогссон.  Энэ хугацааг мөн дөрөвдүгээр сарын 30-ныг  хүртэл сунгалаа.  Харин орон нутгийн нислэг, тээвэр хэвийн үргэлжилнэ гэлээ.

Эх сурвалж: www.udriintoim.mn М.Өнөр