ЦЕГ-ын Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Д.Бүрэнбаатар  залилангийн гэмт хэргийн талаарх мэдээллийг өгч, анхаарууллаа.  Тэрээр "Улс орнуудад цахим хуудас, интернет худалдааны платформууд болон олон нийтийн сүлжээ, электрон шуудангийн хаяг, амны хаалт үйлдвэрлэдэг нэр хүндтэй компаниудын нэрийг ашиглан улс дамжин залилах гэмт хэрэг үйлдэгдэж байна. Мөн коронавирус туссан хүнд хандив цуглуулах нэрийдлээр хуурамч хаяг нээн иргэдийг залилах явдал гарч болзошгүй байна” гэв.  Иймд иргэд бодит бус мэдээлэлд итгэж, нягтлаагүй мэдээллээ бусадтайгаа хуваалцах, бусдад зөвлөгөө өгөх зэргээс болж бусдад залилуулж байгааг анхааруулав. Мөн коронавирустэй холбоотойгоор бусдад залилуулсан, хуурамч мэдээ мэдээлэл тараасан нийт 25 дуудлага мэдээллийг мөрдөн шалгаж байгаа.

Тухайлбал, БНХАУ-ын Эрээн хотод амьдардаг Монгол улсын иргэн Д гэгч нь 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр “маск их хэмжээгээр нийлүүлнэ” гэж иргэн Б-д санал болгож 8,400,000 төгрөг шилжүүлэн авч залилсан.

“Онлайн шоп”-оор маск худалдана гэсэн зарын дагуу иргэн Г, М нар нь Герман улсын "Estaparma sitcalius" компани руу энэ оны гуравдугаар сарын 02-ны өдөр 117 сая төгрөг урьдчилгаа шилжүүлэн залилуулсан тохиолдол гарчээ.

Цахим залиланг таних аргууд

  1. Хуурамч цахим хуудас, интернет худалдааны платформууд, олон нийтийн сүлжээ, электрон шуудангийн хаяг ашиглан амны хаалт /маск/-ны борлуулалт, хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг компани гэж итгүүлэн төлбөрийг урьдчилан авч залилах.
  2. ДЭМБ, олон улсын байгууллагаас коронавирусаас урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмж өгч буй мэтээр фишинг цахим холбоосуудыг олон нийтийн сүлжээнд байршуулж иргэдийн хэрэглэгчийн нэр, нууц үгийг авч таны компютер, гар утас дээрх файлуудыг зөөх, шилжүүлэх, банкны шилжүүлэг хийх.
  3. Короновирус /COVID-19/-ээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр ажиллаж байгаа төрийн байгууллага, алба хаагчдад туслах, хүнд өвчин туссан хүүхэд, өвчтэй болон гамшиг, осолд өртсөн хүмүүсийн зураг тавьж тэдэнд туслах зорилгоор хандив цуглуулж байна гэж итгүүлэн,хуурамч хаяг нээн компанит ажил өрнүүлж иргэдийг залилах асуудал гарсаар байгааг хуулийн байгууллагаас анхаарууллаа.

 

Эх сурвалж: www.udriintoim.mn М.Өнөр