АНУ-ын Холбооны мөрдөх товчоо Конгрессын ордон руу дайран орсон хэт даврагчдыг эрэн сурвалжилж хэн болохыг тодруулах зорилгоор тэдний гэрэл зургийг Вашингтон хотын автобусны буудлуудын самбар дээр нааж байрлуулан, мөн тухайн үеийн бичлэгийг нийтийн сошиал сүлжээнд байрлуулжээ. Мэдээлэл өгсөн хүмүүст, нэг оролцогчийг тодруулахад давхардалгүйгээр 1000 ам.долларын шагнал өгч байна. Жо Байденыг Нэгдүгээр сарын 20-нд Ерөнхийлөгчийн тангараг өргөх үеэр зөвхөн Вашингтон хот төдийгүй Америк даяар нийт 50 муж улсад Д.Трампыг дэмжигчдийн жагсаал цуглаан зохион байгуулагдаж, улмаар террорист үйл ажиллагаа явуулж болзошгүй байгаа учраас Холбооны мөрдөх товчоо тэсэрч дэлбэрэх бөмбөг суурилуулахаар бэлтгэж буй этгээдүүдийн талаарх мэдээлэл өгсөн хүмүүст 50 мянга хүртэлх ам.долларын шагнал амлажээ.

Тус холбооны эрэн сурвалжлах ажлын үр дүнд Конгрессын ордон руу дайран орсон үймээн дэгдээгчдийн нэг нь Олимпын аварга, усанд сэлэлтийн нэрт тамирчин Клете Келлер байсныг гэрэл зургаар нь таньж илрүүлсэн байна. Өдгөө 38-тай тэрбээр нэгэн компанид үл хөдлөх хөрөнгийн зуучлагч хийдэг байсан бөгөөд түүнийг Ордонд дайрч орсныг мэдмэгц удирдлага нь ажлаас нь шууд халжээ. Деневер хотын Холбооны шүүх Конгрессын ордонд зөвшөөрөлгүй нэвтэрсэн, олон нийтийн хэв журмыг зөрчиж танхайрсан хэрэгт Клете Келлерийг буруутгаж түүнд 11 жилийн хорих ял оноохоор төлөвлөжээ. Залуудаа Олимпын хоёр алт, нийт таван медаль хүртэж явсан тэрбээр үймээний үед Америкийн шигшээ багийн дүрэмт хувцастай явсан нь түүнийг хэн болохыг танихад хялбар байсан гэнэ.