Алдарт дизайнер Томми Хилфигер үл хөдлөх хөрөнгийн бизнес хийдгээрээ алдартай нэгэн. Тэрбээр 1985 оноос хойш 35 жилийн хугацаанд нийтдээ долоон удаа эдлэн газартай хаус худалдан авч засч тохижуулан амьдарч байгаад дараа нь үнэ хүргэн зарсан. Түүний найм дахь ээлжит наймаа нь энэ удаад Коннектикут дахь Round Hill харш болж байна. Томми Хилфигер гэргий Ди Оклеппогийн хамт 2010 онд АНУ-ын Зүүн хойд нутгийн Коннектикут дахь уг харшийг 31.37 сая ам.доллараар худалдан авсан бөгөөд засвар хийж урьд өмнөхөөсөө илүү тансаг чамин болгож одоо 47.5 сая ам.доллараар худалдахаар зар гаргажээ. 1939 онд анх баригдсан Round Hill нь нийт дөрвөн мянган метр квадрат талбай бүхий унтлагын зургаан өрөө, угаалгын долоон өрөө, задгай зуухтай, зочны зургаан өрөөтэй. Хашаан дахь эдлэн газартаа хүлэмж, теннисний талбай, усан бассейн, үлгэрийн мэт цэцэрлэг, зочдын байшин, машины дөрвөн гарааштай. Алдарт дизайнер Томми Хилфигер энэ харшаа анхны үнээс нь 16.13 сая ам.доллараар өсгөж зараад Флорида муж руу нүүж, тэнд амьдран суух дараагийн хаусаа худалдан авахаар аль хэдийнээ товлосон ажээ. Одоо 69 настай алдарт дизайнерийг шинэ байраа засч тохижуулан хожмоо үл хөдлөх хөрөнгийн бизнесээ үргэлжлүүлж худалдах, эсвэл хорвоогийн мөнх бусыг үзүүлтлээ тэндээ амьдрахыг өөрөө биш залуухан гэргий Ди Оклеппо нь шийднэ гэж түүнийг сайн мэддэг анд нөхөд нь хэлэлцэж буй гэнэ.