Бид тоймлоё, Та унш


2019.09.11 Лхагва                                                      25°C  2,671.57  Жаргал ирнэ

Чухлыг тоймлоё 


Авлигын мөнгөө нуусан улсын байцаагч нар 

АТГ-аас Замын-Үүд дэх гаалийн газрын улсын ахлах байцаагч нарт холбогдох хэргийн бичлэгийг дэлгэлээ. Уг хэрэгт нийт 34 хүн холбогдсон ба авлигад авсан мөнгөө ор, агааржуулагчийн ард нуусан байна. Нийт хэчнээн ₮-ын авлига авсан нь тодорхойгүй ч тэдэнд 2-6 жилийн ял өгчээ.  

Татвар завшигчид!

Тэд барааг хилээр шалгалтгүй нэвтрүүлсний хариуд авлига авдаг байсан ба Хятадаас импортоор оруулсан 90 тн ачааг шалгалтгүй нэвтрүүлж, ₮4.5 саяын авлига авсан байна. Гэвч 90 тн ачаа нь улсад ₮28.2 саяын татвар төлөх ёстой ба ачааг шалгалтгүй нэвтрүүлэх нь хүнсний аюулгүй байдал алдагдах, хар тамхи хилээр чөлөөтэй орж ирэх эрсдэлтэй юм. 

Гэвч шүүх хэргийг буцаасаар... 

МХЕГ-ын дарга асан Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болж, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаалаа. Тэд экспорт, импортын зөвшөөрөл олгох замаар нийт ₮1 тэрбумын авлига авсан ба анхан шатны шүүхээс Н.Баярсайханы нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасаж, ₮40 саяар торгох шийтгэл ногдуулсан юм.  


Монголд жилд 413 хүн амиа хорлодог

Манай улс энэ онд амиа хорлолтоороо 183 орноос 43-т жагссан ба эрчүүд 6 дахин их амиа хорлодог байна. Харин дэлхийд 40 сек тутамд 1 хүн амиа хорлодог ба амиа хорлолтын 79% нь ядуу, хөгжиж буй оронд тохиолддог гэнэ. Мөн ихэвчлэн 15-29 насныхан амиа хорлодог учир хэвлэлээр зөвлөмж хүргэж, амиа хорлох эрсдэлтэй хүнд сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэхийг ДЭМБ зөвлөлөө.  


Одооноос УБ-т үмхий үнэртэхгүй 

Төв цэвэрлэхийн Лаг усгүйжүүлэх байгууламж ашиглалтад орсон ба хоногт 2500 м.куб лаг усгүйжүүлэх чадалтай байна. Ингэснээр УБ-т үнэртдэг үмхий үнэр 9-10 дахин буурах ба тус байгууламж нээгдэхээс өмнө лагийг халдваргүйжүүлэх ажиллагаа хийгддэггүй байсан юм. Улмаар түүхий лагийг байгалийн аргаар 3-4 жил усгүйжүүлдэг байснаас  болж үмхий үнэр үнэртдэг байжээ.


Япон-Солонгос хоорондын тийз хямдарлаа

Өмнөд Солонгосын Эстар жет нислэгийн компани Сөүл-Фукуока чиглэлийн тийзний үнийг 60-80% хямдрууллаа. Ингэснээр тийзний үнэ $8.38-$9.35 болсон ба энэ нь 2 орны нислэгийн тоо цөөрсөнтэй холбоотой юм. Тухайлбал, 7 сард харилцан зорчсон жуулчдын тоо 2.7-7.6%-р буурснаар Кореан эйр Япон-Солонгосын 6 чиглэлээ цуцалжээ.


Хойд Солонгос дахин пуужин харвалаа 

Энэ нь 5 сараас хойш Япон тэнгис рүү харвасан Хойд Солонгосын 10 дахь пуужин юм. Энэ удаагийн пуужингийн төрөл тодорхойгүй ч 330 км зам туулсан байна. Уг туршилтаас хэдэн цагийн өмнө Хойдын төлөөлөгч Америктай цөмийн хэлэлцээрээ үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн юм. Ажиглагчдын хэлснээр Хойдын богино зайн пуужингийн туршилтууд Өмнөд Солонгос, Япон зэрэг улсад аюултай байна.

Таны сонорт


Замын хөдөлгөөний дүрмийн шалгалтыг 7 хоногт 2 удаа цахимаар авч байна.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал  


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр