ОХУ-аас Чех улсад суугаа Элчин сайдын яам тус улсын эрх баригчдад хандаж өөрийн дипломат ажилтан Андрей Кончаковыг цагдаагийн хамгаалалтад авахыг хүслээ. Шалтгааныг нь, сайх дипломатчийг Москвагаас онгоцоор ирэхдээ чемодандаа Прага хотын дарга З.Хриб, дүүргийн Засаг дарга О.Колар, П.Новатни нарыг хордуулах тусгай бэлдмэл авч явсан гэсэн хуурамч мэдээллийг Чехийн олон нийтийн “СТ1” телевиз, “Сезнам Зправи” сайт болон “Респект” сониноор цацсан нь амь насанд нь аюул учруулж байна гэж тайлбарласан байна.

Ташрамд тэмдэглэхэд, З.Хриб дарга Оросын Элчин сайдын яамны байрны ойролцоох Каштанийн талбайн нэрийг Борис Немцовын талбай болгож өөрчлөх шийдвэр гаргасан. Борис Немцов нь Ерөнхийлөгч В.Путинийг шүүмжилдэг, Оросын сөрөг хүчний удирдагч, нэр хүндтэй улстөрч байсан ба 2015 оны хоёрдугаар сарын 27-нд Москва хотноо Кремлийн ойролцоо учир битүүлгээр буудуулж амь насаа алдсан юм. О.Колар дарга захирамж гаргаж өөрийн дүүрэгт байсан, Чекийг 1945 онд Германы булаан эзлэгчдээс чөлөөлсөн армийн захирагч, маршал И.Коневийн дурсгалын хөшөөг дөрөвдүгээр сарын эхээр нурааж буулгуулсан. Түүнчлэн П.Новатни одоо даргаар нь ажиллаж буй Жепорие дүүргийн нутаг дэвсгэрт ОХУ-д урвагч гэгддэг Зөвлөлтийн генерал асан А.Власовын удирдаж байсан Чөлөөлөх армийн цэргүүдийн дурсгалыг хүндэтгэж хөшөө барих ажлыг дэмжиж байсан нэгэн. Өнөө хавар тохиож байгаа Ялалтын 75 жилийн ойн босгон дээр Прага хотын дарга З.Хриб, дүүргийн Засаг дарга О.Колар, П.Новатни нарын гаргасан шийдвэр, хандлага нь Оросуудын дургүйцлийг асар их хүргэсэн юм.

Чехийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд бичихдээ, Оросын дипломатч Андрей Кончаков дээр дурдсан шалтаг шалтгаанаар манай гурван даргыг устгах тусгай хорыг дипломат шуудангийн халдашгүй байдал гэдгээр хаацайлан чемодандаа нууж явсан гэж онцолж байгаа аж. Дээр  нь нэмж  З.Хриб, О.Колар, П.Новатни нарыг цагдаагийн хамгаалалтад сарын өмнөөс орсон гэдгийг зарлажээ.

Харин шуугианы эзэн, нийслэл Прага дахь Оросын соёл, шинжлэх ухааны төвийн захирал, дипломатч А.Кончаков Чехийн ““Сезнам Зправи” сайт”-ад хариулахдаа “Энэ бол зүгээр эндүүрэл. Чемоданд ариутгагч бодис, чихэр байсан” гэж тайлбарлажээ. Ер нь Оросын тал “чемоданд нуусан хор”-той холбоотой мэдээллийг эрс эсэргүүцэж байгаа. Ерөнхийлөгч В.Путиний хэвлэлийн төлөөлөгч Д.Песков, Гадаад харилцааны яамын хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова нар Чехийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээллийг ор үндэсгүй гүтгэлэг, сэтгүүл зүйн сенсаац хөөсөн завхрал гэж мэдэгджээ.