ОХУ-ын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Магомед Алиомаров коронавирусийн халдварын улмаас 68 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Сүүлийн хэдэн хоногт Алиомаровын бие эрс муудаж, ОХУ-ын Дагестаны Махачкала хотын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ. Сүүлийн хоногуудад хиймэл амьсгалын аппарат залгаж, эрчимтэй эмчилгээ хийсэн ч амийг нь аварч чадсангүй.

“Харамсалтай нь энэ гашуун үнэн. Магомед Алиомарович Алиомаров урьд шөнө Дагестанд амьсгал хураалаа. Тийм ээ, коронавирусийн халдварын улмаас нас барсан. Оршуулын ёслол Дагестанд болно. Бидэнд том гарз учирлаа.

Магомед Алиомаров нь асар их эрч хүч, зорилго төлөвлөгөөтэй, итгэл найдвараар цалгисан нэгэн байлаа. Түүний эмэгтэйчүүдийн бөхөд хийж эхэлсэн хувьсгал гэмээр өөрчлөлтүүд их найдлага төрүүлж байлаа. Ийм ихийг бүтээхээр зүтгэж явсан хүн гэр бүл, үр хүүхэд, ач зээ нараа орхин одсонд эмгэнэн гашуудаж байна. Гэгээн дурсгалыг тань хүндэтгэе” гэж ОХУ-ын Бөхийн Холбооны тэргүүн Михаил Мамиашвили мэдэгджээ.

Магомед Алиомаров нь 2019 оны хоёрдугаар сард ОХУ-ын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдсон юм. 2019 оны ДАШТ-д түүний удирдсан баг тамирчид багийн дүнгээр аман хүзүүдсэн бол 2020 оны Европын АШТ-д багаараа түрүүлсэн юм.

Р.Гэгээ