Европын хөлбөмбөгийн Аваргуудын лигийн шилдэг 32 багийн Хэсгийн II тойргийн 16 тоглолт мягмар, лхагва гарагт боллоо. Эдгээрээс 14 нь ганц ч үзэгчгүй хоосон цэнгэлдэхэд, зөвхөн ОХУ-д болсон хоёр нь үзэгчтэй цэнгэлдэхэд болов. Манай хойт хөршийн “Краснодар”- Английн “Челси”(0:2) багийн тоглолт 10554 үзэгчтэй, “Локомотив”- Германы “Бавари М”(1:2)-ий тоглолт 8196 үзэгчтэй цэнгэлдэхэд болов.
Хэсгийн 32-т ОХУ-аас Краснодар хотын “Краснодар”, Санкт-Петербург хотын “Зенит”, нийслэл Москвагийн “Локомотив” баг шалгаран өрсөлдөж байгаа бөгөөд Коронавирусийн цар тахлын өнөө үед оросууд маш эрсдэлтэй алхам хийж талбайдаа тоглохдоо цэнгэлдэхдээ тодорхой тооны үзэгчийг нэвтрүүлж байна. “Краснодар” клубын цэнгэлдэх нийт 34652 суудалтай, үүний 30.4 хувийг, “Локомотив” клуб 28800 суудалтай, үүнийхээ 28.4 хувийг үзэгчдээр дүүргэсэн нь энэ юм. Түүнчлэн долоо хоногийн өмнө болсон Аваргуудын лигийн I тойрогт талбайдаа Бельгийн “Брюгге” багийг хүлээн авсан “Зенит” клуб өөрийн 67800 суудалтай “Газпром Арена” цэнгэлдэхдээ 16682 үзэгчтэйгээр /24.6 хувь/ тоглолтоо явуулсан. Үүнийг хөгжөөн дэмжигчдэдээ Ковид-19 тархахыг огт тоохгүй, зөвхөн тасалбар борлуулалтаар санхүүгийн ашиг орлого олохын төлөө хийж байгаа гэмт хэрэг хэмээн хөлбөмбөгийн ертөнц даяар буруутгаж эхэллээ.
Аваргуудын лигийн Хэсэгт шалгарсан баг тус бүр өөрийн цэнгэлдэхэд 3 удаа, айлын талбайд зочлон 3 удаа тоглох хуваарьтай. Иймээс ОХУ-ын гурван баг нийтдээ 9 удаа өөрийн цэнгэлдэхдээ үзэгчтэйгээр тоглож, тасалбар борлуулалтаас ашиг олохоор шийдсэн бөгөөд одоогоор гурван тоглолт хийгээд байна. Гэтэл Европ даяар эхэлсэн Коронавирусийн хоёр дахь давалгаанаас үүдэж Хэсэгт өрсөлдөж байгаа Англи, Испани, Герман, Итали, Франц, Бельги, Унгар, Турк, Украин, Грек, Португал, Дани, Недерландын хөлбөмбөгийн багууд цэнгэлдэхэд ирсэн хөгжөөн дэмжигчид нь халдвар авахаас болгоомжилж өөрийн талбайдаа нэг ч үзэгчгүйгээр тоглолтоо зохион байгуулж байгаа юм.
Дашрамд дурдахад, ОХУ-д өнгөрсөн хугацаанд Гадаад харилцааны сайд С.Лавров нарын нийт 1 сая 563976 хүн Коронавирусийн халдвар авсан нь оношилгоогоор тогтоогдож одоогоор 1 сая 171301-г нь бүрэн эдгэрч, түүнчлэн олон хүн эмчлүүлэн сувилуулж байгаа. Харамсалтай нь Ковид-19-өөс болж нас барагчдын тоо 26935-д хүрчээ.