Бид тоймлоё, Та унш

2019.03.08 Баасан                            0°C   2,634.44  Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ


Өнөөдөр болох үйл явдал

  • Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр
  • Чингисийн талбайд жагсаал болно

Чухлыг тоймлоё


Монгол эмэгтэйн ⅕ дээд боловсролтой

Манай улсад 1.6 сая гаруй эмэгтэйчүүд байгаа ба тэд ойролцоогоор 26 насандаа гэрлэж 3 хүүхэд гаргадаг гэнэ. Мөн 5 эмэгтэй тутмын 1 нь дээд боловсролтой бөгөөд ажил эрхэлдэг эмэгтэйчүүд дунджаар ₮910.1 мянгын орлоготой байна.

Эрчүүдээс бага цалин авдаг

Хэдийгээр Монгол эмэгтэйчүүд эрчүүдээсээ өндөр боловсролтой ч 15%-р бага цалин авдаг гэж Дэлхийн банк мэдээлсэн юм. Мөн АХБ-ны судалгаагаар эрчүүд үл хөдлөх хөрөнгө, машин зэргийг эзэмшиж байгаа бол эмэгтэйчүүд хөргөгч, телевизор зэргийг эзэмшиж байжээ. Тиймээс ЕС У.Хүрэлсүх төрийн албанд ажиллаж буй эмэгтэйчүүдийн цалинг үе шаттайгаар нэмж, тэгш оролцоог бэхжүүлнэ гэлээ.

Жендерийн ялгааг яаж арилгах вэ?

Хүүхэд харах үйлчилгээг сайжруулан, эмэгтэйчүүдийн ажлын цагийг уян хатан болгож, бүх зүйлийг өрхийн тэргүүн мэдэх ёстой гэх уламжлалаас салах нь зүйтэй гэж мэргэжилтнүүд үзжээ. Учир нь эмэгтэйчүүд хүүхэд гаргаж хэсэг хугацаанд ажлаасаа чөлөөлөгддөгөөс үүдэн удирдах албан тушаал хаших нь ховор байдаг гэнэ. Одоогийн парламентад 64 гишүүн байгаагийн 13 нь эмэгтэй байна.


Улсын дугаарыг өөрчлөхгүй

“Номер хийх бизнес” гэх шүүмжлэлд өртөөд байсан автомашины дугаарыг ОУ-ын стандартад нийцүүлэн өөрчлөх шийдвэрийг ЗТХЯ-аас цуцаллаа. Өнгөрсөн оноос эхлэн 17 жил мөрдөгдөж буй одоогийн дугаарын стандартыг 3 оронтой, латин үсэгтэй болгон өөрчилнө гэж байсан юм. Уг шийдвэр батлагдсан бол 970.880 тээврийн хэрэгслийн дугаарыг өөрчлөх байжээ.


Луйвардуулсан ордууддаа төр буцааж авна

ҮАБЗ-өөс улсын төсвөөс хайгуул хийгдсэн ч луйвраар хувьд шилжсэн 400 гаруй ордыг улсын мэдэлд авах зөвлөмж гаргажээ. Үүнд, Асгат, Салхит, Цагаан суварга зэрэг ордууд багтсан байна. Тухайлбал, Цагаан суваргыг улсын мэдэлд авахад МАК-ын хөрөнгө оруулсан мөнгийг төлөхгүйгээр зөвхөн ухаж гаргасан баялгийн хөлсийг өгөх гэнэ. Харин Н.Номтойбаяр “$400 саяа төлөөд Цагаан суваргаа аваарай Ерөнхий сайд аа” гэсэн юм.


Германы элчинг Венесуэлээс хөөлөө

Учир нь тэрээр Америк, Франц, Бразил зэрэг орны дипломатуудтай хамт Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог онгоцны буудлаас тосож авсан юм. Тиймээс Венесуэлийн ЗГ түүнийг 48 цагийн дотор улсаас нь гарахыг шаардлаа. Венесуэлийн ЗГ Гуайдод хилийн хориг тавьсан ч тэрээр Колумб, Бразил, Аргентин зэрэг оронд айлчилсан юм. Тэрээр онгоцны буудал дээрээс шууд баривчлагдана гэж бодож байсан ч гадаадын дипломатуудын ачаар аюулгүй гэртээ харьжээ.


Хойд Солонгосын 11 сая хүн өлсгөлөнд нэрвэгджээ

Тус улсын хүн амын 43% нь хангалттай хоол идэж чаддаггүй бөгөөд 5 хүүхэд тутмын 1 нь хоол тэжээлийн дутагдалд орсон гэж НҮБ мэдээллээ. Мөн эрүүл мэндийн үйлчилгээ, цэвэр ус, эрүүл ахуйн шаардлага муу байдгаас болж халдварт өвчнөөр нас барах эрсдэл өндөр гэнэ. Тус улсад 2018 онд болсон хэт халалт, хар салхины улмаас ургац тааруу байгаа юм. Энэ жил 1.9 сая тн ургац авах төлөвлөгөөтэй ч эмзэг бүлгийн 3.8 сая хүнд $120 саяын яаралтай тусламж шаардлагатай байгаа юм. Гэвч НҮБ-ын санхүүжилт хангалтгүй, Хойдын банк, илгээлтийн үйлчилгээ хязгаарлагдмал байгаагаас үүдэн тусламжийн ажилд хүндрэл үүссэн байна.

Таны сонорт


Image result for concert icon Өнөөдөр хаана, юу болох вэ?

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр