Оюуны өмчийн газрын “С.Н.С” гэсэн барааны тэмдэгтэй “Монголын Нууц Товчоон” цөөн тоогоор саяхан хэвлэгджээ. Соёл Урлагийн их сургуулийн зөвлөх багш, профессор О.Содномпилээс эрхлэн гаргаж буй “Содномпилийн Номын Сан” цувралын 41 дэх энэ ном нь Хэлшинжлэлийн ухааны доктор, профессор Б.Сумьяабаатар гуайн нэгэн жарны цаг хугацаанд судалгаа хийж Монголын Нууц Товчооны анхны эхийг яг л ийм байсан хэмээн Та бидний өмнө дэлгэн тавьсан эрдэм шинжилгээний шедевр бүтээл юм.

Монголын Нууц Товчоонд “Их Хурилдаа хуриж, хулгана жил, гуран сар-да Хэлүрэний Хөдэгэ Аралын Долоон Болдага Шилгинцэг хоёр зуур Ордос бууж бүхүйд бичиж дуусав” хэмээн тэмдэглэсэн нь уг их хөлгөн туульсийг туурвиж дуусгасан он цаг, орон зайг Манай эриний 1240 он, одоогийн Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Хэрлэнгийн Хөдөө арал гэж тодотгож буй. Өнөөдөр бид нэмж тодотгоход 780 жилийн тэртээх уйгаржин монголоор бичсэн анхны эх нь хадгалагдаж ирсэнгүй, үрэгдэн алга болжээ. Харин Монголын Нууц Товчооны тэрхүү анхны эхийн монгол үг өгүүлбэрийг хятад галиг үсгээр хадаж тэмдэглэсэн хувилбар нь бидний үед уламжлагдан үлдсэн байна.

Нэрт эрдэмтэн Б.Сумьяабаатар хамгийн эртний монгол хуулбар, хятад галигийн Монголын Нууц Товчооныг жинхэнэ анхны эхийн хэмжээнд тодруулан босгосныг, яруу найрагч соён гэгээрүүлэгч О.Содномпил эрхлэн хэвлүүлсэн нь Таны харж байгаа зураг дээрх НОМ юм.

Монголын Нууц Товчооны анхны бичмэл эх хэзээ нэгэн цагт олдож магад, тэгвэл наанадаж тэр хүртэлх хугацаанд, эсвэл ердөө огт гарч ирэхгүй бол ирээдүй гэж хайрцаглагдах өнөөдрөөс хойших хугацаанд  Б.Сумьябаатар гуайн энэ бүтээл жинхэнэ эх сурвалжид хүлээн зөвшөөрөгдсөн НОМ болж буй.

Энэ НОМ нь уншигч Танд анхны хятад галигийн монгол Нууц товчооныг латин галиг, босоо монгол бичиг, кириллээр зэрэгцүүлэн толилуулах бөгөөд Нэрт эрдэмтнээс уйгаржин монгол бичгийн язгуур хэлбэр, уугуул санааг орчин цагийн хэлээр хөрвүүлэн тайлбарласан нэвтэрхий толь билээ. Өөрөөр хэлбэл оюун ухааны Хөдөө арлаас “олдсон” Монголын Нууц Товчооны анхны жинхэнэ эх юм.

Та НОМЫН уншигч болъё гэвэл “9191-9402” утсаар холбогдоно уу