Ирэх долоодугаар сарын 24-нд нээлтийн ёслол нь товлогдсон Токиогийн олимпийн наадмыг хойшлуулах магадлал маш өндөр болсон. Мэдээж, шалтгаан нь дэлхий дахиныг хамраад буй цар тахал.

Дэлхийн Допингийн эсрэг Төвийн захирлаар олон жил ажилласан мөн Олон Улсын Олимпийн Хорооны гишүүн, Канадын иргэн Дик Паундын өгүүлснээр бол олимпийг хойшлуулах нь нэгэнт тодорхой болсон шийдвэр гэнэ.

“Миний дуулж мэдснээр бол Токиогийн олимпийн наадмыг хойшлуулахаар тогтсон. Харин хэдий хугацаатай хойшлуулах уу, ямар зарчим, журам барих вэ гэх мэт жижиг деталь асуудлуудыг нарийн нягталж, шийдэх хэрэгтэй байгаа юм. Ямартай ч олимпийн наадам долоодугаар сарын 24-нд эхлэхгүй. Одоогоор дагалдах үр дагавруудын тухай урьдчилан ярилцаж байна” хэмээн Дик Паунд мэдэгджээ.

Р.Гэгээ