Их Британийн дуучин Робби Уильямс хэрхэн турах тухай сэдвээр өөрийнхөө амьдралын хэв маягийг жишээ болгон ярьжээ. Бэлтгэл дасгал байнга хийх юмуу хоолны дэглэм барьдаггүй гэнэ. Ер нь түүний илүүдэл жингүй байх арга бол амьдралын хэв маягтай нь шууд холбоотой ажээ.

“Би өглөө босдоггүй. Өглөө босох шаардлага ч надад байдаггүй. Тэгэхээр хүмүүс өглөө босоод хоолны дэглэмээ барих гэж мачийж байхад унтаж л байдаг юм. Харин унтахын хувьд бол өглөөний 5-6 хүртэл орондоо ордоггүй. Би угаасаа л шар шувуу. Ийм амьдралын хэв маягаар амьдарсаар ирсэн.

Шар шувууны амьдралын хамгийн их бүтээлч цаг нь шөнийн 1-5. Энэ цагт  хийе гэснээ хийж бүтээчихээд үүрээр унтаад өдөр дунд сэрдэг. Сэрээд орой 17-18 цагийн үед өлсөж буйгаа мэдэрч, арга хэмжээ авдаг” гэж тэрбээр ярьжээ.

Робби Уильямсын турах бас нэг арга бол спорт. Долоо хоногтоо бокс, гольфоор заавал хичээллэдэг гэнэ. Харин шөнө унтдаггүй өглөө сэрдэггүй дэлгэм нь түүний эхнэр Айда Филд болон дөрвөн хүүхэд нь хэрхэн нөлөөлдөг талаар ам нээсэнгүй. Роббигийн том охин Феодора одоо 7 настай, удаахь Карлтон  5, тэгээд ой гаруйтай Колетт, хамгийн бага нь ердөө дөрвөн сартай Бо.

The Sun-ийн таамагласнаар бол шөнө унтдаггүй болохоор хүүхдээ шөнөдөө харах үүргийг Робби өөртөө авсан байж магадгүй гэнэ. Дараахь яриа үүнийг батлах шиг. “Их хачин шүү. Би ер нь байнга л хар дарж, үхдэл юмуу хий үзэгдэл зүүдэлдэг байсан. Гэтэл хүүхэдтэй болсны дараа тэр зүүд ор сураггүй алга болсон. Тэгээд би бодсон л доо. Хүүхэд миний илүү бодол, дэмий санаашрал, эрч хүчийг сорчихож буй болохоор миний зүүдэнд тэдгээр мангасууд ч ирэх зайгүй болжээ” гэж.

Робби Уильямс бол Take That-ийн хамгийн болдоггүй нөхөр байсан хэрнээ хамтлаг тарсны дараагаар бие даан бүтээл туурвиад хамгийн том амжилтад хүрсэн нь. Гэр бүлтэй болтлоо байнга ууж, шөнө бүр наргидаг байсан Робби Уильямсын зугаа цэнгэл татарч, гэртээ суух дуртай болжээ.

Р.Гэгээ