Английн “Манчестер Сити” араб эзэнтэй болоод тун удалгүй бразил довтлогч Робиньог “Реал Мадрид”-аас 32 сая паундаар худалдан авсан билээ. Эхний улиралдаа Премьер лигт 31 тоглолтод гарч, 14 гоол оруулсан ч Робиньо удаахь улирлын дундуур явчихсан.

Харин одоо Робиньо тухайн үед “Сити”-д биш “Челси”-д очихыг хүсч байснаа ярьжээ.

“Миний зорилго үнэндээ “Челси”-д очих байсан юм. “Чамайг ирвэл бид урагш алхчих гээд байна” гэж Сколари ч хэлж байлаа. Гэвч “Реал Мадрид”-тай хийсэн хэлэлцээр бүтээгүй. Гэрээгээ яг тохироогүй хэрнээ урьдчилаад миний нэртэй өмсгөлийг “Челси” зараад эхэлчихсэн юм. Үүнд Мадридын багийн удирдлага их эгдүүцсэн. Ингээд яриа хөөрөө бүтсэнгүй.

Дараа нь Шейх Мансур намайг “Сити”-д аваачихаар боллоо. Хэд хэдэн удаа уулзан ярилцахад “Месси, Кака хоёрыг бид багтаа авчирна” гэж ярьж байлаа.

Ер нь “Манчестер Сити”-гээс бусад бүх багтаа би аварга болж үзсэн хүн. Тэгэхээр ганц харамсдаг юм бол “Сити”-д аваргын цом өгч чадаагүй маань. Үүнд л гунигладаг даа” хэмээн Робиньо өгүүлжээ.

Р.Гэгээ