Бразилын алдарт хөлбөмбөгч, дэлхийн аварга Роналдиньо болон түүний ах Роберто нар энэ оны гуравдугаар сарын эхээр хуурамч паспортын хэргээр Парагвайн Асунсьон дахь зочид буудлаас баривчлагдан, урьдчилан хорих ангид хоригдсон.

Тэгвэл өчигдөр Парагвайн шүүгч Густаво Амарилья тэднийг шоронгоос барьцаатайгаар суллаж, гэр хорионд байлгах шийдвэр гаргажээ. Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар бол Роналдиньо барьцаанд 1.6 сая ам.доллар төлж, Парагвайн нийслэлийн төвд орших зочид буудалд байнгын хяналт дор байх ажээ.

Роналдиньо Парагвайд сайн үйлсийн хандивын тоглолтод тодорхой төлбөртэйгээр оролцохоор ирсэн ч тэр даруй баривчлагдсан юм. Зочид буудлын өрөөнд нь нэгжлэг хийхэд хуурамч паспорт илэрсэн тул урьдчилан хорих анги руу илгээсэн. Роналдиньог Бразил руу хил даван гараад явчихаж магадгүй гэж сэрэмжлэн хорьсон гэж тайлбарласан.

вРоналдиньо өмнө нь татвараас зайлсхийсэн хэргийн улмаас Бразилаас гарах эрхгүй болсноос гадна мөн нуурын эрэг дээр барилга байгууламж барьсан нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг зөрчсөнд тооцогдож 2.2 сая торгууль тавиулсан юм.

Р.Гэгээ