Португалын шигшээ болон Италийн “Ювентус”-ын довтлогч Криштиано Роналдогийн бүсгүй Жоржина Родригес дэлгүүр хэсч карантин зөрчсөн нь олны дургүйцлийг төрүүлжээ. Ялангуяа Роналдогийн фанатууд ихэд эгдүүцсэн гэнэ. Хөлбөмбөгчийг коронавирусийн халдвар тусах аюулд орууллаа гэж бухимдацгаажээ.

“Ювентус”-ын Даниеле Ругани, Блез Матуиди нар коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон тул тэдэнтэй нэг багт тоглодог  Криштиано Роналдо төрсөн нутаг Португалын Мадэйра арлын Фуншал хотноо гэр бүлийнхнийхээ хамт тусгаарлагдсан юм. Тэгээд ч Португалд коронавирусийн халдвар эрчтэй тархаж буй тул орон нутгийн удирдлага зайлшгүй хэрэгцээт хүнсний бараа цуглуулахдаа л дэлгүүр орох тухай захирамж гаргасан байна.

Гэтэл Жоржина Родригес тэндэхийн хувцас загварын дэлгүүрүүдээр хэссэн бололтой. Ингэснээр дэлгүүрийн худалдагчдын эрүүл мэндийг ч мөн аюулд оруулж болзошгүй үйлдэл хийлээ гэж португалчууд бухимджээ.

Р.Гэгээ