2006-2009 онд буюу Италийн “Ювентус” доод лиг рүү унасан үед ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан Жованни Коболли Жильи португал довтлогч Криштиано Роналдог буруутгасан үгс хэлжээ. Коронавирус дэлхий даяар дэгдэж, цар тахлын хэмжээнд хүрэхэд хамгийн ихээр хохирч, гамшигт нэрвэгдэж буй орон бол Итали юм.

“Криштиано Роналдо “Ювентус”-аас тусгай зөвшөөрөл авч эх орон руугаа одсноос хойш багийн доторхи уур амьсгал хүндэрсэн. Роналдо уг нь ээжийгээ халамжлахаар явлаа гэж хэлсэн юм билээ. Тэгсэн хэрнээ одоо бол бассейныхаа өмнө л зураг авахуулсан хүн байх юм.

Роналдог явахыг тусгайлан зөвшөөрсний дараагаар бүгд л эндээс эх орон руугаа явахыг хүссэн. Уг нь бүгдийг карантины журам сахиулж, гэрт нь тусгаарлах ёстой байлаа” хэмээн Жильи өгүүлжээ.

Италийн “Ювентус”-ын Даниеле Ругани коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсны дараагаар аргентин довтлогч Пауло Дибала мөн эхнэрийнхээ хамт халдвар авсан нь зарлагдсан билээ.

Харин Криштиано Роналдо өнгөрсөн гуравдугаар сарын 3-нд цус харвасан ээжийгээ харж халамжлах, эх нутагтаа очихоор зорьж, одоо ч төрөлх Мадэйра аралдаа байгаа юм.

Р.Гэгээ