Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар Ш.Мөнгөншагай нарын 15 хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр товлогдсон ч хойшиллоо. Шүүгдэгч Д.Цолмонгийн өмгөөлөгч Ц.Одончимэг Давж заалдах шатны эрүүгийн шүүхэд хурал давхацсан, шүүгдэгч Ч.Амгаланбаяр өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг хүлээн авч мөн прокурор, өмгөөлөгчдийн гаргасан санал, хүсэлтийг харгалзан шүүх хуралдааныг ирэх сарын 13-ны 09.30 хүртэл хойшлуулав.

Уг хэрэгт:

  • Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Г.Цагаанцоож, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр,
  • Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар,
  • Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг,
  • Хахууль өгсөн үйлдэлд Б.Мөнгөншагай, Г.Жаргалан, зуучилсан үйлдэлд Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байсан, хошууч Г.Алтан-Очир зэрэг хүнийг буруутган НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.4, 22.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд шилжүүлжээ.

Шүүгчид чухам ямар үйлдлээр энэ хэрэгт буруутгагдаад байгааг товч өгүүлье. Анх уг хэрэгт холбогдуулан 17 шүүгчийн нэрсийг ШЕЗ-өөс гаргаж Ерөнхийлөгчийн зарлигаар эрхийг нь түдгэлзүүлээд байсан юм. Тэгвэл саяхан зургаан шүүгч энэ хэрэгт холбогдолгүй гэж үзэн эрхийг нь сэргээсэн. Харин үлдсэн шүүгчдээс зургаан шүүгчид холбогдох хэргийг шалгаж дуусан ийнхүү шүүх хурал нь болж байна.

Хамгийн сүүлд Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхим Б.Мөнгөншагайгийн нэхэмжлэлтэй хэргийн хэлэлцэн түүний талд буюу “Жи Фи Эф” компанийн 60 хувийг Б.Мөнгөншагай эзэмшдэг гэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон байдаг. Уг хурлын маргааш Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Г.Цагаанцоож гавьяат шүүгч Л.Бямбаа агснаас өмгөөлөгч н.Энхтөрөөр дамжуулан 10 сая төгрөг авсан хэрэгт буруутгагдсан байдаг аж. Дашрамд, Л.Бямбаа агсныг хамгийн анх энэ хэрэгт буруутган хориход тэрээр хорих ангид өөрийнхөө амийг хорлосон юм. Түүнийг уг хэргийн авлигыг зуучилсан гол хүн гэж үздэг аж.

Үүний дараа Б.Мөнгөншагай хэргийг өөрийнх нь талд шийдвэрлэж өгсөн шүүгчдэд шагнал болгох нэрээр 20 сая төгрөгийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сайханцэцэгт өгсөн гэнэ. Энэ үйлдлээр нь шүүгч Б.Сайханцэцэгийг яллагдагчаар татжээ.

Харин хурал болохын өмнө Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Д.Цолмонд хахууль өгнө хэмээн өмгөөлөгч Ч.Амгаланбаяр 45 сая хэргийн оролцогчдоос авчээ. Уг мөнгийг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт авсан хэмээн шүүгч Д.Цолмонг хэрэгт татсан байдаг байна. Харин тус шүүгчийн хувьд ийм үйлдэл болоогүй хэмээн өөрийг нь хэлмэгдүүлж байна хэмээн заргалдсаар буй.

Эх сурвалж: udriintoim.mn Г.НЯМ