Бид тоймлоё, Та унш

2019.07.01 Даваа                                         Related image 21°C  2,657.76  Хэрүүл тэмцэл ирнэ

Чухлыг тоймлоё 


Дахин 8 шүүгчийг түдгэлзүүлэх санал гаргалаа 

УИХ-ын 5 гишүүн нэр бүхий 8 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа ҮАБЗ-д хүргүүллээ. Эдгээрийн 5 нь Улсын дээд шүүхийн шүүгчид байна. 

Ямар үндэслэлээр чөлөөлөх болов? 

УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн хэлснээр дээрх шүүгчид С.Зориг агсны хэргийн 3 шатны шүүхийг хянан шийдвэрлэсэн байна. Тиймээс эдгээр шүүгчдийг чөлөөлснөөр шүүхэд шударга ёс тогтох гэнэ. 

Шүүгчид ажлаасаа шууд чөлөөлөгдөх үү?  

Үгүй. Хуульд зааснаар Ерөнхийлөгчийн захирамжийн дагуу бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, гэм буруутай эсэхийг нь шалгана. Хэрэв шүүх гэм буруугүй гэж үзвэл шүүгчид эргэн ажилдаа томилогдоно. Өнгөрсөн 7 хоногт түдгэлзсэн 17 шүүгч мөн адил гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол ажлаасаа халагдах юм.


Хаврын чуулганыг сунгалаа 

Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор хаврын чуулганыг 7/10 хүртэл сунгалаа. Энэ хугацаанд иргэдийг мэдээллээр хангаж, саналыг нь нэгтгэн байнгын хороонд хүргүүлнэ. Зарим эрдэмтэд Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэж байгаа бол нөгөө хэсэг нь 1 нам олонх байхад эцэг хуулийг өөрчлөх нь буруу гэсэн юм. Одоогийн Үндсэн хуулийг 1992 онд баталж, 2000 онд нэмэлт өөрчлөлт оруулсан байна.


Эрсдэл дагуулсан барилгын салбар

ЦЕГ, НМХГ хамтран барилгын 299 компанид шалгалт хийхэд төмөр унах, хаалт хамгаалалт хийгээгүй, аюулгүйн самбар байршуулаагүй зэрэг 896 зөрчил илэрчээ. Үүний 292 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 364-д нь торгууль ногдуулсан байна. Өнгөрсөн онд хөдөлмөр аюулгүй ажиллагаа мөрдөөгүйн улмаас 89 хүн гэмтэж, 5 хүн амиа алдсан ба энэ нь 2017 оноос 21.3%-р өссөн үзүүлэлт юм. 


Трамп Ши нар тохиролцолд хүрлээ

Америк, Хятадын ерөнхийлөгчид Японд болж буй Их-20 уулзалтын үеэр 2 талт уулзалт хийж, худалдааны хэлэлцээг дахин үргэлжлүүлэхээр боллоо. Мөн Хятадын импортод хориг тавихгүй ба Америкийн компаниудыг Хуавейтэй худалдаа хийхийг зөвшөөрөх гэнэ. Үүнээс гадна Трамп Ням гарагт Солонгосын зэвсэггүй бүсэд айлчилж Ким Жон Унтай уулзлаа. Ийнхүү Трамп Хойдын хилийг давсан Америкийн анхны ерөнхийлөгч болсон байна. Энэхүү уулзалт Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах 2 орны хэлэлцээрт эерэг үр нөлөө авчирна гэж ажиглагчид үзжээ. 


НАСА дэлхийтэй төстэй дагуул гарагийг судална 

НАСА Санчир гарагийн дагуул Титаныг судлах анхны сансрын дроныг 2026 онд илгээх гэнэ. Уг дрон 2034 онд Титанд хүрч, 2.6 жилийн хугацаанд уг дагуулын тогоо, агаар мандал, газрын гадарга, шингэн зэргийг судлах юм. Титан нь нарны аймгийн цорын ганц агаар мандалтай дагуул ба дэлхий анх үүссэн үеийнхтэй төстэй байна. Мөн гадарга дээрээ этан, метанаас бүрдэх гол, нуур, далайтай бөгөөд энэ нь үүл үүсгэж шингэн хийн бороо оруулдаг юм.

Таны сонорт


Related image Тарваган тахлын эсрэг дархлаажуулалтын 10 хоногийн аян өнөөдрөөс эхэллээ. 

Сэтгэх цаг


Image result for think icon Хүн яагаад ус уудаг вэ? 

/Өмнөх бодлогын хариу: Нэг удаа. Учир нь дараагийн үйлдлээс 90-г 10-т хуваана. /

Өдрийн тойм Сошиал  


 

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр