Дэлхийн 7.2 тэрбум хүнээс нэг тэрбум нь шатар мэддэг, тоглодог тухай статистик нь Олон улсын шатрын холбоо ФИДЕ-гийн Ерөнхийлөгчийн албыг хашиж байхдаа Кирсан Илюмжиновын албан ёсоор зарласан тоо. XVII зууны эхэн үеэс эхлэн төрөлх Монгол нутгаас хальж одсон есөн их нүүдлийн цувааны халимаг (торгууд)-ийн ард түмний хойч үеийнхнээс Дэлхийд танигдсан хамгийн нэр төртэй эрхэм бол Кирсан Илюмжинов билээ.

1972 онд Орост 100 мянган хувиар хэвлэсэн, Дэлхийн шатрын 11 дэх аварга, алдарт Б.Фишерийн “Мои 60 памятных партий” номыг ширээний ном болгож шатарт “орсон” тэрбээр 1977 онд 15 настайдаа Халимагийн шатрын насанд хүрэгчдийн шигшээ багийн ахлагч болж байсан гэвэл уншигчдад Кирсан Илюмжиновын хэр шатарчин байсан талаар зөв мэдээлэл болох байх.

Кирсан Илюмжинов нь 1995 оны арваннэгдүгээр сард Олон улсын шатрын холбоо ФИДЕ-гийн Ерөнхийлөгчөөр анхлан сонгогдсоноос хойш уг албыг 23 жил хашиж 2018 оны аравдугаар сард  ажлаа өгсөн. Тэрбээр 1995 онд холбооны Ерөнхийлөгч болонгуутаа дэлхийн аварга болж байсан бүх шатарчинтай уулзах хүсэлт тавихад Б.Фишерээс бусад нь урилгыг хүлээн авчээ. “Яагаад вэ” гэсэн асуултад Америкийн алдарт шатарчин тайлбарлахдаа “Зөвлөлт холбоот улс гэж байхдаа ч, дараа нь задарч Оросын холбооны улс болсон хойноо ч миний номын шагналд нэг ч копейка өгөөгүй, зохиогчийн эрх зөрчсөн тул ямар ч орос хүнтэй уулзахгүй” гэсэн байна. К.Илюмжинов Б.Фишер хоёрын дунд холбогч болж байсан эрхэм нь Унгарын нэрт шатарчин Андре Лилиенталь.

ФИДЕ-гийн шинэ Ерөнхийлөгч Кирсан Илюмжинов нь америк шатарчны нэхэж байсан 100 мянган долларыг улс эх орныхоо нэрийн өмнөөс хувиасаа гаргахад бэлэн гэдгийг түүнд дамжуулж хэлнэ үү гэж Андре Лилиентальд ханджээ. Цагийн дараа Б.Фишер утсаар ярьж “Уулзаж болж байна” гэжээ. Тэгснээ дахиад утасдаж, “Шилжүүлгээр мөнгө илгээхэд чинь итгэхгүй байна, бэлнээр нь авчирч өгөөд надтай уулз” гэсэн шаардлага тавьжээ. Эцэст нь номынх нь шагнал 100 мянган долларыг хувиасаа гаргаж, өөрийн биеэр Б.Фишерт хүргэж өгөхөөр түүний амьдарч байсан Унгарын нийслэл Будапешт руу ниссэн байна. Түүнийг алдарт шатарчин онгоцны буудал дээр угтаж авсан гэдэг.

Кирсан Илюмжинов нь 1993-2005 онд Халимагийн Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан бөгөөд түүний шүтээн нь Чингис хаан, шатар хоёр билээ. Тиймээс ч Швейцарын цагны “Ulysse Nardin” фирмийн нэг сая долларын үнэтэй “Чингис” загварын цагаар “гангардаг”. Гангардаг гэдгийг хашилтад хийсэн нь шилжсэн утгаар уг үгийг хэрэглэсэн болохоо илэрхийлж байгаа юм. Их мөрөн дөлгөөн, эрдэмт хүмүүн даруу байхын үлгэр жишээ болсон Кирсан Илюмжинов нь “Чингис” цагийг гоёлын зориулалтаар бус өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн орчилд оюун санааны бэлгэдэл шүтээн болгон зүүдэг байна.

Ташрамд дурдахад, 1846 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн “Ulysse Nardin” фирм нь суут хүмүүст зориулж механик цаг хийдгээрээ зартай. Тус фирмээс Галилейд зориулсан 1985 оны “Astrolabium Galileo Galilei”, Коперникт зориулсан 1988 оны “Planetarium Copernicus”, Кеплерт зориулсан 1992 оны  “Tellurium Johannes Kepler” загвар нь дэлхийд “Чингис” цагнаас дутахгүй алдартай, үнэ нь ч мөн адил нэг сая ам.доллар юм.

Е.Мягмарсүрэн