Дэлхийн тэргүүн теннисчин Новак Жокович Балканы хойгийн улсуудад Adria Tour цуврал тэмцээнийг зохион явуулахдаа өөрөө коронавирусийн халдвар авсан тухайгаа зарласан. Жоковичийн эхнэр мөн өөр хэд хэдэн тамирчин, рестораны эзний таван настай охин гээд олон хүн тус тэмцээний улмаас коронавирусийн халдвар авсан нь шүүмжлэл дагуулсан юм.

Тэгвэл Новак Жоковичийг Сербийн Ерөнхий сайд Ана Брнабич  цээжээрээ хамгаалж, өөрийгөө буруутнаар зарлалаа. “Би Жоковичийг бүрэн дэмжиж байгаа. Тэр зөвхөн Сербийн төлөө бус бүс нутгийн сайн сайхны төлөө энэ тэмцээнийг зохион явуулахаар шийдсэн юм. Тэр хандив цуглуулж, хэцүү цаг үед хүмүүст туслахыг хүссэн. Үүнийх нь төлөө би лав түүнд талархаж яваа.

Болдогсон бол бүх бурууг ганцаараа үүрмээр байна. Хөл хорионы журмыг би л сулруулсан. Тийм болохоор л Жокович ийм тэмцээн зохиох гэсэн. Тэгэхээр энэ бүхэн миний буруу. Энэ бүхний хариуцлагыг би үүрэх ёстой гэдгийг хүмүүс мэдэж аваг. Миний хувьд энэ тэмцээн бол хүмүүнлэгийн маш сайн сайхан үйлс болсон. Одоо ч түүний энэ санаачлагыг дэмжсээр байгаа” гэж Ана Брнабич мэдэгджээ.

Р.Гэгээ