Бид тоймлоё, Та унш

2019.08.27 Мягмар                                                         17°C  2,671.55  Өлзийтэй сайн

Чухлыг тоймлоё 


Солонгосын виз мэдүүлэхэд ₮5 саяын барьцаа шаардахгүй боллоо

Солонгосын виз мэдүүлэх шинэ журам 10 сараас хэрэгжихээр боллоо. Шинэ журмаар дансандаа ₮5 саяыг байршуулдаг байсныг цуцалж, оронд нь сүүлийн 6 сарын дансны хуулгыг авахаар болжээ. Мөн өмнө нь олон удаа хууль ёсоор зорчсон болон төрийн ажлаар зорчих иргэдийн визийг 10 хоногт шийдвэрлэх гэнэ.

Солонгост ажиллагсдын гэр бүлийн анхааралд!
Гэр бүлийн хүн тань хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг бол сүүлийн 6 сарын хугацаанд гэр бүлдээ шилжүүлсэн мөнгөн гуйвуулгын хуулгыг хавсаргаснаар 90 хоногийн виз авах боломжтой шүү.

Гэхдээ, хууль бус иргэдийг чангална 
Хуурамч бичиг баримтаар виз мэдүүлсэн иргэн, визийн мэдүүлэгт хамруулах байгууллагын эрхийг эхний удаад 3 жилээр хасна. Харин давтан үйлдсэн бол хугацаагүйгээр виз шалгалтын бүртгэлийн мэдээлэлд байршуулах гэнэ. Одоогоор манай улсын 46 мянган иргэн Солонгост хууль ёсоор ажиллаж амьдарч байна.


Хулхи дүрэмт хувцас авахаас сэрэмжил

Замын-Үүдийн хилээр 10 нэр төрлийн 409 ш сурагчийн дүрэмт хувцас нэвтрүүлэх гэж байсныг илрүүллээ. Иймд эцэг эхчүүд хүүхдийнхээ дүрэмт хувцсыг авахдаа дотоодын үйлдвэрийн шошго, таних тэмдгийг сайтар шалгахыг анхаарууллаа. Салбар яамны мэдээлснээр бага ангийн сурагчийн дүрэмт хувцас ₮60-70 мянга, дунд анги ₮90-100 мянга, ахлах ангийнх ₮120-130 мянгын үнэтэй байна.


ЗГ лиценз цуцалж, нинжа нар ажилдаа орлоо 

ЗГ-аас хууль зөрчсөн уул уурхайн 19 ААН-ийн 23 тусгай зөвшөөрлийг цуцалсан юм. Гэвч тусгай зөвшөөрлөө цуцлуулсан ААН-үүд техник хэрэгслээ уул болон модон дотор нууж байгаа нь МХЕГ-ын шалгалтаар илэрч байна. Мөн зөвхөн Архангай аймагт Цэнхэр суманд 128 иргэн хууль бусаар алт олборлож байсныг зогсоолоо. МХЕГ өнөөдрийн байдлаар хууль бусаар алт олборлогчдын 500-аад техник хэрэгслийг хураагаад байна.


Хонг Конгийн жагсаал хурцадсаар байна 

8/24-нд болсон жагсаалын үеэр цагдаа нарын амь нас аюулд орсон учир анх удаа галт зэвсэг ашиглаж, тэнгэр рүү буудлаа. Учир нь жагсагчид төмөр саваагаар тусгай албаны машиныг цохиж, цагдаа нарыг гэмтээсэн байна. Улмаар 36 хүн баривчлагдаж 5 цагдаа эмнэлэгт хүргэгджээ. Жагсагчид ардчилал эрх чөлөөг шаардсаар байгаа ч удирдагч Кэрри Лам болон Хятадын тал ямар нэг хариу өгөөгүй байна.


Хойд Солонгос супер том пуужингийн туршилт хийлээ

Супер том пуужингийн туршилтыг 8/24-нд хийсэн гэж тус улсын KCNA агентлаг мэдээллээ. Энэ үеэр удирдагч Ким Жон Ун, “Батлан хамгаалахын аюулгүй байдлаа ямар ч хориг зөөлрүүлэх нөхцөлөөр солихгүй” гэжээ. Ийнхүү Хойд Солонгос Трамп-Кимийн 2 дахь уулзалт бүтэлгүйтсэнээс хойш 4 дэх шинэ төрлийн пуужингаа туршаад байна. Харин Америкийн тал Хойд Солонгостой хийж буй цөмийн хэлэлцээрээ дахин эхлүүлэхийг хичээж байгаа юм.

Таны сонорт


Image result for cold icon Өнөө маргаашдаа уулархаг нутгаар цочир хүйтэрнэ

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал  


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр