Энэ удаагийн сонгууль элдэвтэй болох шинжтэй. Бие дааж 208 хүн өрсөлдөхөөр болсон нь түүхэнд байгаагүй тоо. Дээр нь улс төрийн том хүчнүүдийн хоорондын өрсөлдөөн, нам доторх толхилцоон өмнөх өмнөх сонгуулиас өөр байна.

Хоёрхон хоногийн дараа намууд нэр дэвшигчдээ зарлана. Богино энэ хугацаанд АН горилогчдын хувьд хамгийн эрэлттэй нам болж хувирлаа. Хамгийн анх УИХ-ын гишүүн, өмнөх сонгуулиар МАХН-аас гарсан О.Баасанхүү АН-д элссэн билээ.

Тэгвэл өнөөдөр УИХ-д сууж байгаа болон сууж байсан хоёр ч гишүүн АН-ыг зорилоо. Нэг нь бие даагч С.Жавхлан. Тэрээр уг нь бие дааж нэр дэвшихээр өөрийгөө зарлаад байсан нэгэн. Тэгвэл намд элсэж шийдвэрээ өөрчиллөө. Харин нөгөөх нь Г.Уянга.

АН-ын лидерүүд, партизанууд бүгд л намаасаа гарч, бие даан нэр дэвшихээ зарлаж өнгөрсөн хэд хоногт С.Эрдэнэ даргынх нь нойр хулжсан нь лавтай. Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг гэх улстөрчид бие даахаар зарлаад байв. Харин Э.Бат-Үүл амлалтаасаа буцаж намаасаа нэр дэвшихээр болсон. Тиймээс энэ хэдэн өдрүүдэд боломжийн нэр дэвшигчид намын гишүүнчлэлээ сэргээж, буцааж намаасаа нэр дэвшихээр болсон нь АН-ын хувьд таатай мэдээ.

Түүнчлэн Туул голын Жагар гэгддэг Б.Жагар өнөөдөр Монголын ногооны намын батламжийг гардав.

Ямартаа ч сонгууль угтан бууриа сэлгэгчдийн өнгө өнөөдөр  ийм байна.

Эх сурвалж: udriintoim.mn Г.НЯМ