Бид тоймлоё, Та унш

2019.10.02 Лхагва                               Image result for sun snowing icon 6°C  2,667.08  Бие эрхтний хүч сайжирна

Чухлыг тоймлоё 


Бага насны хүүхэд яагаад стресстдэг вэ?  

Ихэнхдээ гэр бүлийн харилцаанаас үүдэн хүүхдүүд стресстдэг ба эцэг эхийн салалт, сургууль, цэцэрлэгт элсэх, эцэг эх нь байнга хэрүүл маргаантай байх нь хамгийн их нөлөөлдөг байна. Нэг үгээр хэлбэл гэр бүл халуун дулаан харилцаатай байгаа цагт хүүхэд тань стресст өртөх нь бага юм. 

Стресстсэн хүүхдэд илрэх шинж тэмдэг: 

Орондоо шээх, тайван бус унтах, хар дарж зүүдлэх, хуруугаа хөхөх, хумсаа мэрэх, нүдээ анивчих, энгэрээ идэх, толгой нь өвдөх, гэдэс нь эвгүйрхэх зэрэг шинж илэрнэ. Мөн анхаарал нь төвлөрөхгүй байх, идэвх, сонирхолгүй болох, ганцаараа байхыг хүснэ. 

Эдгээр шинж тэмдэг илэрвэл яах вэ? 

Хамгийн чухал нь ярилцах. Таны хүүхдэд дээрх шинж тэмдгүүд ажиглагдвал яг юу сэтгэлийг нь зовоож байгааг асууж, хүүхдэдээ илүү их анхаарал хандуулах нь зүйтэй. Мөн хүүхдийг зөв хооллож, хангалттай нойр авахуулах нь чухал бөгөөд өдрийг хэрхэн өнгөрүүлснийг хүүхдээсээ асууж, сайн зүйлийг нь урамшуулахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.


Тэтгэврийн зээлийн хүү буурлаа 

Тэтгэвэр барьцаалсан урт хугацаатай зээлийн хүү 2.4%-р буурч, 15.6% боллоо. Мөн 2020/1 сараас зээлийн хүүг 13% болгох гэнэ. Тэтгэврийн зээлийн хүүг 2017 онд 15%, 2018 онд 12% болгон бууруулснаар ахмадууд ₮6.3 тэрбумын хүүгээс чөлөөлөгдсөн юм. 


Намрын чуулган эхэллээ 

УИХ-ын намрын ээлжит чуулган 62.7%-н ирцтэйгээр эхэлж, 2020 оны төсвийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлт, 2020 оны төсөв зэргийг батлах юм. Мөн хууль, шүүхийн багц хууль, Сонгуулийн болон Улс төрийн намын тухай зэрэг томоохон хуульд нэмэлт өөрчлөлт оруулах юм. Одоогийн Үндсэн хууль 1992 онд батлагдсан ба 2000 онд нэмэлт өөрчлөлт орсон байна.


Японд татвар нэмэгдлээ

Бүх төрлийн бараа, үйлчилгээний татвар 2%-р нэмэгдэж, 10% боллоо. Энэ нь нийгмийн халамжийг сайжруулж, ЗГ-ын өрийг бууруулан, цахим төлбөрийн үйлчилгээг дэмжих зорилготой юм. Учир нь зарим дэлгүүрт карт, мобайл банкаар тооцоо хийвэл 5%-н хөнгөлөлт олгох гэнэ. Гэвч татвар нэмснээр ЭЗ-т сөргөөр нөлөөлнө гэж судлаачид үзжээ.


Хүүхдийн наймаачдыг илрүүллээ 

Нигерийн цагдаа нар хүүхэд наймаалдаг бүлэглэлийг илрүүлж, 19 жирэмсэн эмэгтэй, 4 хүүхдийг аварчээ. Эмэгтэйчүүд 15-28 насных ба тэднийг хорьж байсан 2 эмэгтэйг баривчилсан байна. Гэвч гол хэрэгтнийг олоогүй ба хохирогч эмэгтэйчүүд хулгайлагдаж, хууртагдаж мөн өөрийн хүсэлтээр хүүхдээ зарахаар иржээ. Наймаачид эрэгтэй хүүхдийг $1378, эмэгтэй хүүхдийг $827 зардаг байна.

Таны сонорт


Гандийн гудамжнаас Хурд хороолол орох 0.5 км замыг 10/23 хүртэл хаалаа.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр