“Олон улсын сувилагчдын өдөр”-ийг жил бүрийн Тавдугаар сарын 12-нд тэмдэглэдэг. Энэ өдөр “дэнлүү барьсан эмэгтэй” гэж алдаршсан, орчин үеийн сувилахуйн ухааныг үндэслэгч Флоресне Найтенгел (1820-1910) мэндэлжээ. Олон улсын сувилагчдын нийгэмлэгийн Мехсикт хуралдсан 1973 оны чуулганаас түүний төрсөн өдрөөр нь сувилагчдын баярыг жил бүр тэмдэглэхээр шийдвэрлэсэн ба манай улсад энэ баяр нь 1995 оноос уламжлал болсон юм. Монгол Улсад энэ удаагийн баярыг тохиолдуулан уран бүтээлчдийн “Сувилагч Тандаа баярлалаа” тоглолтыг телевиз, онлайнаар толилууллаа.

Өнөө жилийн баяр Дэлхий даяар өргөн дэлгэр болсон нь нэгд, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас “дэнлүү барьсан эмэгтэй”-н мэндэлсний 200 жилийн ойг тохиолдуулан 2020 оныг Олон улсын сувилагчдын жил болгон “Эрүүл мэндийн төлөө Дэлхийг сувилахуй” уриан дор зарласан, хоёрт Ковид-19 цар тахлын дэгдэлтийн “галын шугаман” дээр өөрсдийн амь нас, эрүүл мэндээрээ дэчин тавьж бусдын төлөө яваа сувилагч нартаа талархлаа илэрхийлэх боломж гарсантай үүдэлтэй. Манай гаргийн эмнэлгийн бүх ажилтны тэн хагас нь сувилагч байдаг бол, Монгол Улсад энэ мэргэжлийг 11 мянган хүн эзэмшсэн байна.

Монгол “Флоресне Найтенгел” нарын дундаас хамгийн анх Гавьяат цолоор Гончигийн Өөдөс гуай 1990 онд, удаад нь Өлзийсайханы Тунгалаг 2018 онд шагнуулсан. Г.Өөдөс гуайг хуучнаар Улаанбаатар хотын Гандангийн хүүхдийн эмнэлэгт эх нялхсын сэхээний тасгийн нойрсуулагч сувилагчаар 34 жил ажилласан хөдөлмөрийг нь Төрөөс үнэлж 59 насанд нь Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор шагнажээ.

П.Н.Шастиний нэрэмжит Улсын III төв эмнэлгийн ахлах сувилагч,  Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Ө.Тунгалаг нь 1973 онд Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс таслын тасгийн сувилагчаас ажлын гараагаа эхэлсэн удам дамжсан сувилагч ажээ. Түүний ээж нь 42 жил сувилагч хийсэн байна.  Ө.Тунгалаг гавьяат “Хамгийн энэрэнгүй хариу нэхдэггүй мэргэжил бол сувилагч” гэж мэргэжлээрээ, мэргэжил нэгт нөхдөөрөө бахархдаг нэгэн.