Бид тоймлоё, Та унш

2019.05.15 Лхагва                                                 Image result for sun rain icon 8°C   2,642.70  Эрхтэн хурц болно

Чухлыг тоймлоё


Багш нь сурагчиддаа сүрьеэгийн халдвар тараажээ

ХУД-ийн 15-р сургуулийн 529 хүүхэд сүрьеэгийн халдвар авсан нь сорилоор батлагдаж, 38 нь эмчилгээ хийлгэж байна. Тус сургууль нийт 1710 сурагчтай ба багш сүрьеэгийн халдвартай гэдгээ хожуу мэдсэн учир хурдацтай тархсан гэж ЭМЯ-аас мэдэгдлээ. Иймд эцэг эхчүүд карантин тогтоохыг шаардаж байгаа ч мэргэжлийн байгууллагын дүгнэлт гартал боломжгүй гэж БСШУСЯ-ны сайд хэлсэн юм.

Халдвар тараахгүй ч өвчлөх эрсдэлтэй!

Тус сургуулийн 500 гаруй хүүхэд зөвхөн халдвар авсан ба дархлаа сулрах, хоол тэжээлийн дутагдалд орох, өөр халдварт өвчнөөр өвдөх, хүнд хагалгаанд орох зэрэгт сүрьеэгээр өвчлөх эрсдэлтэй гэнэ. Харин 38 хүүхэд сүрьеэгээр өвчилсөн учир халдвар тараах эрсдэлтэй юм. Халдвар ийнхүү олон хүүхдэд тархсан нь сургуулийн агааржуулалт муу байсантай холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарлалаа.

Сүрьеэ хэрхэн халдварладаг вэ?

Сүрьеэгээр өвчилсөн хүн ярих, ханиах, найтаахад их хэмжээний нян тархдаг байна. Сүрьеэтэй хүнийг эрт оношилж зөв эмчилгээ хийвэл бүрэн эдгэрдэг ч буруу эмчлэх эсвэл эмчилгээ хийхгүй бол нас баралт өндөртэй өвчин юм. Сүүлийн 5 жил манай улсад бүртгэгдсэн халдварт өвчний 9.8%-г сүрьеэ эзэлсэн ба дэлхийд 1.8 сая хүн уг өвчний улмаас нас бардаг байна.


Нөөцийн мах худалдах цэгийг нэмнэ

Нөөцийн мах гарсан ч махны эрэлт, үнэ нэмэгдсэн хэвээр байгаа тул худалдаалах цэгийг нэмэгдүүлэхээр болжээ. ЗГ-аас 4/15-аас нөөцийн махыг 6 дүүргийн 127 цэгээр худалдаалж, 900 тн махыг иргэдэд худалдаалсан юм. Өнөөдрийн байдлаар хонь үхрийн мах ₮10 мянга даваад байгаа ба цаашид махны үнийг тогтвортой барих үүднээс энэ жил 10-12 тн мах нөөцлөхөөр төлөвлөжээ.


ЖДҮ-ийн зээл жинхэнэ эзэндээ очно

ЖДҮ-г хөгжүүлэх сангийн шинэ журам батлагдаж, иргэд ААН-ийн төслийг 5/27-6/10 хүртэл авахаар боллоо. Шинэ журмаар иргэдийн төслийг нээлттэй шалгаруулж, арилжааны банк болон сангаас зээл олгоно. Ингэхдээ төрийн өндөр албан тушаалтны хувьцаа эзэмшдэг компани, төрийн сангуудад зээлийн үлдэгдэлтэй ААН-ийг хамруулахгүй юм. Энэ жил тус сангаас иргэд, ААН-д ₮47 тэрбумын зээл олгохоор төсөвлөжээ.


Трамп, Ши Жинпин, Путин нар 6 сард уулзана

Японд 6/28-29-нд болох Их 20-ын уулзалтын үеэр Трамп, Ши Жинпин, Путин нар уулзах гэнэ. Учир нь Хятад, Америкийн төлөөлөгчид 5/10-нд худалдааны хэлэлцээр хийсэн ч үр дүнд хүрээгүй юм. Иймд Трамп Хятадын $200 тэрбумын импортод 25%-ын татвар ногдуулж, хариуд нь Хятад 6/1-с Америкийн $60 тэрбумын импортод 5%-25% татвар ногдуулна гэжээ. Харин Америк, Орос улсууд Иран, Венесуэл зэрэг ОУ-ын асуудалд санал зөрөлдөөнтэй байгаа юм.


Хятадын хүмүүнлэгийн тусламж Венесуэлд ирлээ

Хятадын эм тариа, мэс заслын багаж бүхий 2 сая хайрцаг тусламж ачсан онгоц Венесуэлд буулаа. Хятад 3 сард 120 цэрэг, 65 тн эмнэлгийн хэрэгслийг Венесуэл рүү явуулсан байна. Мөн Орос 100 гаруй цэрэг, зэвсгээр Венесуэлд тусалсан ба ерөнхийлөгч Мадуро сөрөг хүчний дэмжигчдээс хүмүүнлэгийн тусламж авахгүй гэсэн ч 4 сард Улаан загалмайн тусламжийг хил давуулсан юм. Венесуэлийн эдийн засаг доройтсоноос болж хоол хүнс, эм тарианы хомсдол үүсэж цахилгааны хязгаарлалтад ороод байна.

Таны сонорт


ЧД-ийн нэгдүгээр ангид элсэгчдийг цахимаар буюу Эцэг эхийн систем сайтаар бүртгэнэ.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр