Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарт холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан  шатны шүүхэд эхэллээ.

Төрийн өндөр албан тушаалтан эрх мэдэл,  албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр С.Баяр, Ч.Давааням нарын 8   шүүгдэгч, 13 өмгөөлөгчийн хамт шүүх хуралд оролцож байна.

С.Баярыг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээг батлахад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт буруутгаж Монгол Улсын хууль хяналтын байгууллагаас шалгаад хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Тэдэнд Эрүүгийн хууль (2002 он) 263.2, Эрүүгийн хууль (шинэчилсэн найруулга)-ийн 18.6-2.3, 22.10-1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

263 дугаар зүйл. Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах

263.2.Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

18.6 дугаар зүйл.Мөнгө угаах
2.3.албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.10 дугаар зүйл.Үндэслэлгүйгээр хөрөнгөжих
1.Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эх сурвалж: udriintoim.mn