УИХ-ын Нэгдсэн чуулганаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар энэ хуулийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэв. Тэрээр “Эрхэм гишүү дээ, би энэ хуулийн төслийг эсэргүүцэж байна. Энэ хуульд орж байгаа шинэ заалт болох АТГ-ын даргыг Ерөнхий сайд томилно гэдэг нь маш ноцтой заалт. Хэн мөнгө төлнө тэр хөгжмөө захиалдаг. Хэн их мөнгө зарцуулж сонгуульд ялсан нь Ерөнхий сайдаа захиална. Мөнгөөр гарсан Ерөнхий сайд АТГ-ын даргыг томилно гэдэг нь Монголд авлига улам гаарна гэсэн үг. Өнөөдөр Ерөнхий сайд төрийн өмчийн бүхий л том том компанийн захирлыг томилж байна. Авлигын хэрэгт төрийн өмчит компаниуд ихээр холбогддог. Гэтэл түүнийг нь Ерөнхий сайдын томилгоотой АТГ шалгана гэвэл юу болох вэ.

Үүний оронд АТГ-ын даргыг ҮАБЗ-ийн 3 гишүүн томилдог болъё. Би энэ талаар гишүүдийн саналын дэмжлэг авахаар санал явуулж байгаа” гэлээ.

Эх сурвалж: udriintoim.mn Г.НЯМ