УИХ-ын гишүүн С.Ганбаатар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг ҮХЦ-д өгч байгаагаа мэдэгдлээ. Учир нь тэрээр Оюутолгойн гэрээг өөрчлөх, гэрээг ард түмэнд ашигтай болгох боломжийн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс асуулт асууж, 30 хоногийн хугацаанд хариу ирүүлэхийг хүссэн гэнэ. Гэвч хариу ирээгүй тул Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаа талаараа  мэдээлэл хийв.

Тэрээр мэдээллийн үеэр  Оюутолгой компанийн 2018, 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан баланс, татвар төлөлтийн гүйцэтгэл, Дубайн гэрээ байгуулагдах үед МУ-ын Засгийн газраас Дэлхийн банкны олон талт хамтын ажиллагааны байгууллагын даатгалд гаргаж өгсөн эзэн орны баталгаа бичиг, Дубайн гэрээ байгуулагдах үед ажилласан ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл, хийсэн ажлын тайлан, Монголын тал 53 хувийн ашиг хүртэх нарийвчилсан тооцоотой холбоотой бичиг баримтуудыг хүссэн байна. мөн Лондонгийн Арбитрын шүүхэд Оюутолгой компаниас гаргасан гомдол, манай талаас өгсөн тайлбар, явцын талаарх мэдээлэл, Оюутолгой компанийн татвар тооцооны талаарх Татварын ерөнхий газрын албан бичиг, МУ-аас орлого олж буй гадаад этгээдийн татвар төлөлтийн талаарх мэдээлэл, цаашид энэ татварыг хэрхэн зохицуулж буй талаар, Оюутолгой компани байгуулагдсан цагаас хойш МУ-д төлсөн татвар, хураамжийн жагсаалт,  Оюутолгой анх байгуулагдахад буюу 2012 онд Монголын тал тус компанийн 34 хувийг эзэмшихдээ 38 сая долларын зээлээр хөрөнгө оруулсан байдаг. Өнөөдрийг болтол тэрхүү зээл өссөөр үндсэн өр 1.3 тэрбум доллар, хүүгийн хамт 2 тэрбумыг давсан байна. Энэ үндсэн өр, хүүгийн төлбөрийн мэдээллийг гаргаж ирүүлэх зэрэг асуултыг С.Ганбаатар нарын зургаан гишүүн гаргасан ч хариулт ирүүлээгүй учир Үндсэн хуулийн цэцэд хандахаар болсноо мэдээллээ.

Эх сурвалж: udriintoim.mn Г.НЯМ