Монгол Улсад идэвхтэй ажиллаж буй 160 гаруй мянган төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийн түвшинг тогтоох судалгаа энэ оны аравдугаар сард эхлэх болсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Үндэсний статистикийн хороо хамтран явуулах тус судалгаагаар төрийн албан хэргийг монгол бичгээр шууд хөтлөн явуулах боломжтой хэчнээн хүн байгааг тогтоох юм байна.

Судалгааны мэдээлэл цуглуулахыг энэ оны аравдугаар сараас эхлүүлээд арванхоёрдугаар сарын 31-нд дуусгаж ирэх оны гуравдугаар сард дүнгээ гаргах аж.

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор С.Дулам “Монгол хэлний тухай хуулийн 7.2-т үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний бичгээр хөтлөн явуулна гэж заасан. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа хэрэгтэй. Иймээс Үндэсний статистикийн хороотой хамтран эхний ээлжинд Монгол Улсад идэвхтэй ажиллаж байгаа албан хаагчдын дунд монгол бичгийн мэдлэгийн түвшинг шалгах судалгаа явуулахаар болоод байна. Орон нутгийн сонгууль дууссаны дараа энэ судалгааг явуулна. Төрийн албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах, шууд хөтлөх боломжтой хэчнээн хүн байгааг тогтооно” гэлээ.

Эх сурвалж: udriintoim.mn