Белорусьт VIII.9-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд 60 гаруй хувийн саналаар өөрийгөө ялсан гэж VIII.14-нд зарласан сөрөг хүчний удирдагч С.Тихоновская Литва улсад орогнож байгаа. 1994 оноос Белорусийн төр барьж буй А.Лукашенко өчигдөр тус улстай залгаа хилээ хаах зарлиг буулгалаа. С.Тихоновская Польш улсад арваад хоногийн өмнө аялж улстөрийн өндөр албан тушаалтны зиндааны хүндлэл хүлээж Төрийн гурван өндөрлөгт бараалхсан. А.Лукашенко тус улстай залгаа хилээ хаах зарлиг бас буулгалаа. С.Тихоновская даваа гарагт Бельгийн Брюссель хотноо Европын Холбооны парламентын урилгаар зочилж, Европын холбооны гадаад хэргийн сайд тэргүүтэй өндөр албан тушаалтнуудтай уулзах тов гарлаа. Харин үүнээс хоёр хоногийн өмнө өөр нэг тов зарлагдсан. Энэ нь, Польшийн хилтэй тун ойрхон, Дэлхийн II дайны үеийн домогт Брестийн цайз дахь Белорусийн цэргийн баазад энэ есдүгээр сарын төгсгөл, ирэх аравдугаар сарын эхний өдрүүдээр Белорусь-ОХУ-ын цэргийн хамтарсан “Славян ахан дүүс” сургуулилтын хоёр дахь шатыг өргөжүүлэн зохион байгуулах тухай юм. Нэгдүгээр шатны цэргийн хамтарсан сургуулилт нь есдүгээр сарын 14-нд эхэлсэн бөгөөд 25-н гэхэд өндөрлөх хуваарьтай.