Монгол Улс 18 дахь Ерөнхий сайдаа яллачихлаа. Шүүхээс М.Энхсайханд шүүхээс дөрвөн жил зургаан сарын хорих ялыг оноов. Түүнийг буруутгасан хэрэг бол Тавантолгойн ордтой холбогдох хэрэг. Шүүхийн шийдвэрт дурдсанаар бол автомашин зах зээлийн үнээс өндөр үнээр шахаж улсад 55 сая төгрөгийн хохирол учруулсан, дээр нь өөрийн хамаарал бүхий этгээдийг тус төсөлд татан оруулсан гэх үндэслэл.

Өнгөн тал дээрээ ийм үйлдлүүд харагдаж байгаа боловч хөшигний ард энэ хэрэг Тавантолгойн орд  гэх сүүлийн олон жилийн турш улстөрчдийн ашиг сонирхол, аазгайг хөдөлгөж ирсэн мега төсөлтэй холбоотой.

Тавантолгойн нүүрсний орд газар нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Улаан нуурын хөндийд байрладаг нүүрсний орд газар юм. Анх 1930-аад оноос нутгийн иргэд тэр хавьд нүүрс байгааг мэдэж ахуйн хэрэгцээндээ ашиглаж эхэлсэн гэдэг. Харин 1988-1990 онд анхны ТЭЗҮ-г боловсруулж, нөөцийг нь 6.4 тэрбум гэж тогтоосон байдаг. Таван толгойн орд энэ үеэс л улстөрчдийн анхаарлыг татаж ирсэн. Тэр хэрээр Таван толгойн орд улстөрчдийн үргэлж тасардаггүй хэрүүлийн үргэлжлэл болсоор ирсэн.

Анх 2008 онд Сү.Батболд Ерөнхий сайд болохын тулд энэ ордын лицензийг төрд өгсөн түүхтэй. Тэрээр сайн менежер учраас уул уурхайн лицензтэй улстөрч гэвэл ямар үр дагавар гарахыг сайн мэдэх учраас эртхэн өөрийгөө чөлөөлсөн хэрэг. Үүнээс хойш төрийн зүгээс энэ орд дээр ямар арга хэмжээ авах, ямар хуваарилалт хийх вэ гэдэг дээр Засгийн эрхэнд гарсан ямар ч улстөрч өөр өөрийнхөө шийдэл гаргаж байв. Нэг ёсондоо Таван толгойн орд руу тэмүүлсэн улстөрчдийн зовлон эхэлсэн байдаг.

Зөвхөн улстөрчид ч биш Монголын томоохон бизнес бүлэглэлүүд ч энэ ордод хяналтаа тогтоохыг оролддог нь нууц биш. Учир нь энэ ордыг дагасан маш их ашиг хонжоо дагалддаг гэж Монголын улс төрийн хүрээнд яригддаг. Тухайлбал, нэр бүхий улстөрчид энэ ордоос нүүрс тээвэрлэх тонн тутамд 1.5 долларын ашгийг хүртдэг гэх яриа олон жил явж ирсэн. Нэг ёсондоо тухайн үед төр барьж байгаа хүмүүст ашигтай төсөл гэгддэг. Нөгөө талаар Тавантолгойн ордыг хувьчлах асуудал байсхийгээд л хөндөгддөг. Хувьчлах том компаниудын нэрс ч дуулддаг. Мэдээж хувьчлал тухайн үеийн улстөрчдөд ашигтай гэж үе үеийн Засгийн газрын кабинентад нууц яриа дэгддэг. Гэвч бас л ямар нэгэн ашиг сонирхол түүнийг гацаасаар ирсэн.

М.Энхсайхан бол Монголын төмөр замын даргаар томилогдож байсан. Дараа нь Монгол Улсын сайд хэмээх албыг хашиж байсан эрхэм. Монголын төмөр зам, Тавантолгойн орд хоёр салшгүй холбоотой хоёр сэдэв. Монгол Улсын сайд гэдэг албан тушаал тухайн үед ихээхэн баалуулж байв. Ямар нэгэн яамгүй, хариуцаж эрхэлсэн байгууллагагүй Засгийн газрын тогооны хүн гэгдэж байв. Нөгөө талаар М.Энхсайханы Тавантолгойн төслийг хариуцаж ажил ч энэ үеэс  эхэлсэн гэж үзэх хүмүүс байдаг. Нэг ёсондоо Тавантолгойн төслийг хөдөлгөх гэж энэ ажил дээр очсон гэх яриа ч бий.

Гол нь энэ төслийн ард томоохон хүчин байдаг гэлцдэг. Тэр хүчний сонирхлыг гүйцэлдүүлдэг хүмүүс нь захирлууд. Өнгөрсөн хугацаанд Эрдэнэс Тавантолгой компанийг удирдаж байсан хэд хэдэн захирал ямар нэгэн шалтгаанаар хэрэгт холбогдож, зарим нь ял авч байв. Хамгийн сүүлд Д.Ариунболдыг авлига албан тушаалын хэргээр баривчлаад байна. Эцсийн эцэст энэ орд дээр хууль бус ажиллагаа үргэлж явагддаг. Тэр хэрээр улстөрчдийн шунал байна гэсэн үг. Харин тэдний хууль бус ажиллагааны золиос нь гүйцэтгэсэн захирлууд болж хувираад байгаа дүр зураг харагдаж байна. Товчхондоо энэ бол бие биенээ хэрчсэн Монголын улстөржилт. М.Энхсайханы ард ч том хүчин байхыг үгүйсгэхгүй. Энэ утгаараа М.Энхсайхан бол бас нэгэн золиос. Нөгөө талаар Монгол Улсын Ерөнхий сайдаар хүн ард нь том махны машин ажиллаж байдаг ангал руу орох нь хожим өөрт нь асуудал дагуулна гэдгээ мэдэж байх учиртай. Гэвч өнөөдөр ийнхүү шүүхээс ял сонсоод зогсож байгаа нь өөрийгөө хамгаалах чадалгүй байгаа нь харагдаж байна.

Ямартаа ч тэрээр Тавантолгойн орд гэх Монголын улс төр, бизнесийн томоохон бүлэглэлийн ээлжит “золиос” боллоо.

Эх сурвалж: udriintoim.mn Г.НЯМ