Таван толгойн цахилгаан станцыг барих гэрээ цуцлагдлаа гэх мэдээлэл гарсныг няцаан өнөөдөр эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдээлэл хийлээ.

“Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ” цуцлагдсаныг зарим хэвлэлийнхэн буруугаар ойлгож, станц барихаа больсон гэх ташаа мэдээлэл тараасан гэлээ.

Засгийн газар  Оюу Толгойтой 2009 онд хийсэн хөрөнгө оруулалтын гэрээг зөрчсөн буюу Оюу Толгой эрчим хүчээ дотоодоос хангах ёстой байсныг уг гэрээ үгүйсгэж байжээ.

Дээрх гэрээг Ч.Сайханбилэгийн засгийн газар хийснээс болж өнөөдрийг хүртэл Оюу Толгой дотоодоос эрчим хүчээ аваагүй байна. Мөн Оюу Толгой жилдээ Хятад руу 160 сая долларыг эрчим хүчний өртөг болгон гаргаж байна.

Энэхүү гэрээг “Ч.Сайханбилэгийн засгийн газар УИХ-д танилцуулахгүй хууль зөрчиж хийсэн” гэж Ц.Даваасүрэн хэллээ.

Рио Тинто, Туркойз Хилл Ресурс компани дээрх гэрээ цуцлагдсан учир Оюу толгой дөрвөн жилийн дотор эрчим хүчээ дотоодоос авах үүргээ биелүүлнэ гэсэн байна.

Хэрэв цахилгаан станц баригдчихвал жил бүр 200 орчим сая долларыг дотооддоо авч үлдэх боломжтой гэнэ. Гэтэл хэн нэгний хууль зөрчиж хийсэн гэрээнээс болж бүтээн байгуулалт саатаж, улс алдагдалд орсон нь харамсалтай.

Цахилгаан станц барих ТЭЗҮ, судалгаа шинжилгээ бүгд хийгдсэн бөгөөд бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд бэлэн гэж төсөл хариуцсан захирал Д.Батбилэг хэлсэн. Станц барих нэг тэрбум долларыг зээлээр авах ба хөрөнгийн баталгааг Рио Тинто гаргаж өгөх ёстой гэнэ. Хэрэв Рио Тинто баталгаагаа гаргаад өгчихвөл энэ оноос цахилгаан станцыг барьж эхлэн 2022 он гэхэд дуусах юм байна.