Өдрийн Тойм - Чухлыг тоймлоно

Онцлох

    “ТАЛХ” ХУЯГАА ШАЛГАЛТААС АЙСНЫ ШАЛТГААН ЮУ ВЭ

    2017-07-22 10:44
    Categories: Онцлох

    “Талх” Ганхуяг, “Хас”-ын Ганхуяг, сүүлдээ бүр “Чоно”-ын Ганхуяг болчихсон л тууж явсан. Ямар ч гэсэн энэ нөхөр бизнест одтой гэдгээ хэдийнэ баталчихсан. Монгол Улсын толгой банкуудын нэгийг хөл дээр нь босгож, одоо лут том санхүүгийн нэгдлийг толгойлж байгаа.

    Гэвч мань Ч.Ганхуягт улстөрийн тогоонд бол зай хомсхон олдох юм гэдгийг Сангийн дэд сайд байхад нь бүгд олоод мэдчихсэн билээ. Учир нь түүний төрөлхийн гэмээр бизнесийн сэргэлэн зан улстөрийн албан тушаалд арай хөнгөдөөд байсан гэхэд буруудахгүй. Уг нь түүнд хөрөнгө мөнгө, бэл бэнчин, чамин ганган төрх, донж маяг гээд чухам жентельмэний шинжүүд төгс байвч төлөв байдал гэх их чухал зан дадал даанч үгүй. Зарим үед арай л хийрхэх маяг гаргаж, заримдаа хэнхэг нэгэн ч болох аж.

    Тиймдээ ч, зарим үед элдвийг бодож саналгүй шуудхан л хэлж ярьчихдаг нь алдаанд хүргэх алхам болдог байх. Ямар сайндаа л, 1000 төгрөг давчихаад байсан талхыг /”Атар” талхыг л хэлсэн байх. Монголчууд талхыг тэр чигээр нь энэ дугуй талхаар төлөөлүүлэн төсөөлдөг/ “300 төгрөг” гэж хэлснээсээ болж улстөрийн карьертаа цэг тавьсныг бүгд санаж байгаа биз ээ.

    Энэ тийм ч муу зүйл биш. Өдий зэргийн амжилттай бизнесмэн, сайд асан хүн дэлгүүрээс талх аваад, үнийнх нь хэлбэлзлийг цээжилж явдаггүй л байлгүй. Гэвч монголчуудын олонх нь хувьцааны зах зээлд тоглох нь битгий хэл өнөө маргаашийнхаа талхыг яаж авах тухайд бодол болж, хөдөлмөрлөж байгаа энэ зуурт түүний үг доог тохуу шиг сонсогдсож, одоо хүртэл мартагдахгүй байх нь аргагүй.

    Ингээд Ч.Ганхуяг нэрээ “Хас”-ын Ганхуяг болгоод байсан мань нөхөр “Талх” Ганхуяг болчихсон тууж яваагийн учир ердөө л энэ.

    Гэхдээ л Хуягаа улстөрд орох боломжийг анаж хүлээсээр байгаа. Тиймдээ ч сонгууль дөхөхөөр л улстөрийн тухай элдэв зүйл бичиж, заримыг нь барим тавим нотолж, олны танил фигураа ашиглан уриалга гаргах зэргээр ямар ч байсан улстөрийн талаас түмний хараанд өртсөөр байдаг. Харамсалтай нь, олон нийт нөгөөх л “Талх” гэсэн фактаар түүнийг түлхчихээд байгаа гэлтэй. Тиймээс мань хүн сүүлийн үед МАН-ын томчууд руу хандан, түмэн олны өмнөөс “зоригтой”-гоор дуугарч, хурцаар шүүмжилж, урнаар яруугаар ухуулах болсон билээ. Гэхдээ түүний энэ үйлдэл намд реформ хийхийг уриалсан гэхээс илүүтэй фракцын талд үйлчлээд байна уу гэх хар төрүүлээд байгаа юм. Тийм учраас түүний бичсэн элдэв бичвэрийн дор ойрд үзэгдэж харагдаагүй байсан “Талх” гэх үгтэй сэтгэгдлүүд дахиад л дүүрсэн харагдана билээ.

    Гэтэл “Талх” Хуягаа МАН-ын томчууд, тэр дундаа Сангийн сайд Б.Чойжилсүрэн рүү довтлох маяг үзүүлэх болсон нь учир жанцантай явдал байжээ. Тодорхой бичвээс, ойрын үед Ч.Ганхуяг Б.Чойжилсүрэн, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар руу чиглэсэн утгатай зүйлс бичиж, хэвлэлээр тараах болсон. Утга нь татвар нэмсэн, ОУВС-тай “найзалсан” гэх мэт. Харин ингэж аашлаад байгаагийн учир нь Сангийн яамнаас “Ард” санхүүгийн нэгдэлд шалгалт оруулах тухай яриа эхлүүлсэнтэй холбоотой ажээ. Сүүлийн жил гаруй хугацаанд “Ард” нэгдлийн нэрээр хувьцааны зах зээлд маш том тоглолтууд өрнөж байгааг бүшд мэдэж байгаа биз ээ. Мань Ч.Ганхуяг үүний гол эзэн. Тэрбээр монголчуудад хандан “Бүгдээрээ хувьчлалд оръё оо” гэж байгаа. Олон хүн үүнд итгэж тус нэгдэлд мөнгөө өгсөн. Яг л сүлжээний бизнес шиг. Ч.Ганхуяг “түмэн олны нэрийн өмнөөс” хэд хэдэн хувьчлалд оролцсон ч амжилт олоогүй ба тэр бүхнийхээ дараа төр рүү дайрдаг нь ч үнэн. Гэвч Хуягаад итгэж мөнгөө өгсөн хүмүүст түүний өгөх баталгаа юу юм бол. Зарим нэг хүн “Ганхуяг мөнгө угаагаад байгаа юм биш биз” гэж хардаж ч байсан. Учир юу гэвэл, “Ард” санхүүгийн нэгдэлд хуримтлагдаад байгаа мөнгөний хэмжээ Ч.Ганхуягт хангалттай боломж олгохуйц байгаа.

    Хэрвээ Ч.Ганхуяг Хэвлэх үйлдвэрийг газрыг авч чадсан бол, Монгол Шуудангийн хувьчлалд ялалт байгуулбал “Ард” нэгдэлд мөнгөө өгсөн хүмүүст яг ямар байдлаар ашиг тус нь очих вэ. Шилний цаанаас мөхөөлдөс долоолгохгүй гэх баталгаа хаана байна.

    Ойрын үед тэрбээр үндэсний сүлжээ “Монгол шуудан” компанийн хувьцааг худалдаж авахыг олон нийтээс уриалаад байх болсон. Түүний энэ санаархал биелж, хүмүүс хувьцаа аваад эхэлбэл “Ард” нэгдлийн нэрээр шуудангийн ихэнх хувьцаа Ч.Ганхуягийн мэдэлд очно. Тэгээд ч тэр одоогоор Монгол шуудангийн 17 хувийг нь авчихаад байгаа. Үүн дээр нэмээд 14 хувийг өөрийн болгосон гэж мань хүн өөрөө ам алдчихсан. Тэгэхээр олон түмнийг уриалсан түүний алхам өөрт нь зөв болох ч өрөөлд ашигтай гэж хэлэхэд хэцүүхэн л хэрэг болох байх. Үүнийг 14 хувиа нууж байгаагаар нь тайлбарлаж болмоор. Тиймээс Засгийн газар, Сангийн яам, Монголбанкнаас “Ард” санхүүгийн нэгдлийн үйл ажиллагаанд шалгалт оруулж, мөнгөө өгсөн олон хүнийг хохирох эрсдлээс хамгаалахаар ярьж байгаа билээ. Уг нь Ч.Ганхуяг яриад байдаг шигээ зөв хүн, зйв үйлдэлтэй нэгэн юм бол уг шалгалтыг нээлттэйгээр оруулж, ажлаа тайлагнах ёстой баймаар. Тэгээд ч шалгалтын хариу сайн гарвал түүний улстөр дэх зам зурайгаад ирэх ч юм бил үү.

    Эх сурвалж: aguulga.mn

    Ажлын өдрийн тойм мэдээгээ үнэгүй аваарай.

    Share This